Ковидтой тэмцэх хуулинд "Амны хаалт зүүх" гэх заалттай ч ТӨРИЙН ГУРВАН өндөрлөг ч хуулиа мөрдөхгүй байна

Ковидтой тэмцэх хуулинд "Амны хаалт зүүх" гэх заалттай ч ТӨРИЙН ГУРВАН өндөрлөг ч хуулиа мөрдөхгүй байна

"Монголын хууль 3 хоног" хэмээх хэлц үг байдаг. Угтаа энэ үг нь гаргасан хуулийг 3 хоноод март гэсэн үг бус 3 хоногийн дотор бvх ард иргэдэд хүргэ, чанд сахиул гэсэн утгаар хэлсэн Их хааны зарлиг байжээ. Харин орчин цагт энэ үг хоёулангаар нь хэрэглэгдээд байна уу гэлтэй. Учир нь техник технологи хөгжсөн өнөө үед шинэ хууль, тогтоомж 3 хоног байтугай 3 минутын дотор бүх нийтэд хүрч, сошиал ертөнцөөр шуугиан тариад, төд удалгүй түүн шигээ хурдан мартагдах нь түгээмэл болоод байна.

Үүний нэгэн жишээ бол Ковид-19 цар тахлын хууль юм. Тодруулбал, ДЭМБ-аас дэлхий дахиныг цочроосон коронавируст халдварыг "цар тахал"-ын хэмжээнд хүрснийг гуравдугаар сарын 12-ны өдөр /2020.03.12/ албан ёсоор зарласан байдаг.

Үүнтэй холбогдуулан манай улс дөрөвдүгээр сарын 29-ний өдөр /2020.04.29/ "Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль" баталсан билээ.

Уг хуульд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байх зэрэг халдвараас сэргийлэх үндсэн шаардлагуудыг тусгасан байдаг. Гэтэл хууль одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ үед ард иргэд төдийгүй, төрийн гурван өндөрлөг уг хуулийг зөрчиж, "уландаа гишгэх" болжээ. Жишээлбэл, тус хуулийн:

  • 12.2.5.албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах, өдөр тутмын эрүүл ахуйн шаардлагыг хангах;
  • 13.2.6.энэ хуулийн 7.1.1-д заасан журамд хориглосон хэлбэрээр олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх зэрэг заалтууд нь сүүлийн үед ноцтой зөрчигдөж байна.

Тэр дундаа төрийн гурван өндөрлөг өөрсдөө нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, түүндээ халдвар хамгааллын дэглэм ч сахихаа больж, гадуур амны хаалт зүүлгүй, хүмүүстэй гар барин яваа дүр зураг харагдах болсон нь Монгол төрийн үнэлэмж ямар доогуур байгааг, Монголын хууль ямар хүчин мөхөс байгааг өөрсдийн биеэр харуулсан хэрэг гэхэд хэлсдэхгүй.

Өчигдөр /2020.10.27/ л гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хамт ЦЕГ-ын ажилтай танилцах үеэрээ амны хаалтгүй очиж, эгнэн суусан танхим дүүрэн алба хаагчдад үг хэлж харагдана. Гэтэл сүүлийн хоёр хоногт манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдэж, дэлхийн зарим тивд халдварын тохиолдол хамгийн өндөр түвшинд хүрч байгаа энэ үед улс орны Ерөнхий сайд нь ийм байдалтай явж болох уу.

Тэрээр:

13.2.7. нийтийг хамарсан үйл ажиллагааг мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх гэсэн хуулийн заалтыг ч ор тас мартсан бололтой.

Манай улс өнгөрсөн хоёрдугаар сараас "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсан байснаа сая есдүгээр сард хэсэгчлэн цуцалсан. Гэтэл манай төрийн өндөрлөгүүд үүнийг далимдуулан Ковид-19-ийн хууль хүчингүй болчихсон мэт аашилж, дээрх үйлдлүүд гаргаж байгаа нь тун харамсалтай.

Угтаа "Ковид-19"-ийн тухай хууль нь хоёрхон тохиолдолд хүчингүй болно. Эхнийх нь, ДЭМБ-аас Ковид-19-ийг цар тахал биш гэж зарласан үед, нөгөөх нь УИХ хуулиа өөрөө цуцалсан үед. Гэтэл хуулин дээрээ хүртэл 18.1-т зааснаар "Энэ хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ" гэсэн байхад ийм хууль огт байхгүй мэт авирлаж байгаа нь ард иргэдийн итгэл үнэмшлийг ч алдагдуулж байгаа юм.

Төр толгойлж байгаа хүмүүс нь гаргасан хуулиа мөрдөхгүй, сахихгүй юм бол та бүхний хуульд хэн итгэх билээ. Эсвэл "бид жирийн иргэдтэй л адил нөхцөлд байна" гэж хэлснээрээ өөрийгөө жирийн иргэн биш гэж үздэгээ харуулсан сайд дарга нар анхнаасаа ардын хүүхдүүдтэй цуг хуульд захирагдах бодолгүй байв уу.

Аль нь ч бай хэрэв ямарваа нэг албан тушаалтан "Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-ийг зөрчсөн бол тус хуулийн 17.2-т зааснаар түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээх ёстой юм.