С.Амарсайхан дүүжин тээврийн санхүүжилт болох 22 тэрбум төгрөгийг Францын компани руу шилжүүлжээ

С.Амарсайхан дүүжин тээврийн санхүүжилт болох 22 тэрбум төгрөгийг Францын компани руу шилжүүлжээ

Хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, "Моннис групп"-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тэднийг нийслэлийн нийтийн тээвэрт хийж байгаа парк шинэчлэл болон сургуулийн автобустай холбоотой хэргээр шалгаж байгаа аж.

2019 оны арваннэгдүгээр сараас сургуулийн 40 автобусыг үйлчилгээнд явуулж  эхэлсэн байдаг. Эдгээр автобусыг оруулж ирэх эрхийг "Моннис" группийн харьяа "Моннис моторс" ХХК авсан бөгөөд нэг бүрийг нь 130 мянган ам.доллароор оруулж ирж байгаа гэх мэдээлэл гарсан юм. Харин удирдлагуудын зүгээс нэг автобусны үнэ 267 сая төгрөг буюу 93.4 мянган ам.доллар болж байгааг хэлж байсан ч Хятадын "Алибаба" гэх мэт сайтуудад ийм төрлийн автобус 40-70 мянган ам.доллароор зарагдаж байна гэсэн иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу АТГ дээрх хүмүүсийг шалгаж эхэлсэн аж. Мөн цахилгаан автобуснуудыг ч зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 222-242.5 мянган ам.доллароор Хятад компаниас авах гэж байгаа гэх мэдээлэл гараад байна.

Үүнээс гадна С.Амарсайхан нь хотын дарга байхдаа нийслэлд агаарын дүүжин тээвэр барих төсөл хэрэгжүүлж иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байсан ч одоог хүртэл тус төсөл хэрэгжиж эхлээгүй байна. Харин тус төслийн эхний санхүүжилт гэх 22,238,927,136 төгрөгийг Пома групп, Эжис рейл ХХК гэх хоёр компанид хуваан шилжүүлсэн баримт өнгөрсөн наймдугаар сарын 31-нд шилэн дансанд оржээ. Өмнө нь мэдээлж байснаар тус төслийг Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бөгөөд инженерингийн ажлыг Франц улсын “Пома групп” хийж гүйцэтгэнэ хэмээж байсан билээ.