ЦЕГ: Хүүгээ орцонд шийтгэж байсан ээжийг 300 мянган төгрөгөөр торгосон

ЦЕГ: Хүүгээ орцонд шийтгэж байсан ээжийг 300 мянган төгрөгөөр торгосон

Аравдугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 1-р хороонд байрлах “Алтай” хотхоны орцон дотор 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд хувцасгүй, уйлан зогсож буй зураг цахим орчинд тарж, олон хүний шүүмжлэлийг дагуулсан билээ.

Тухайн хүүхдийн асран хамгаалагчын зүгээс цагдаагийн байгууллагад мэдэгдэхдээ “Үгэнд орохгүй байсан тул хашраах зорилгоор орцонд гаргасан” хэмээн мэдэгдсэн байна. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран шалгаж байгаа бөгөөд тус хүүхдэд хорооны хамтарсан багаас эрсдэлийн үнэлгээг хийж байгаа” хэмээн  Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг мэдээлж байсан юм.

Тэгвэл энэхүү хэргийг ЦЕГ-аас хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн" гэж үзэж, хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгох, хүүхдийн байгууллага, хорооны  хамтарсан багийн хяналтад авч, хүүг дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, мөн хүүгийн ээжид хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

57 минутын өмнө