АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлалыг монголчууд дуу нэгтэйгээр эсэргүүцсэн гэж Хятадын платформ дээр бичжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлалыг монголчууд дуу нэгтэйгээр эсэргүүцсэн гэж Хятадын платформ дээр бичжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 4-8-ны өдрүүдэд Азийн орнуудаар айлчлал хийхээр төлөвлөөд байсан билээ. Ингэхдээ аравдугаар сарын 7-ны өдөр Монгол улсад айлчилж, Хятад болон БНАСАУ-тай холбоотой асуудлаар ярилцана хэмээн мэдэгдээд байсан юм. Гэсэн ч тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул тэрээр Японы айлчлалын дараа нутаг буцахаар болж, манай улсад хийх айлчлалаа хойшлуулсан юм.

Тэгвэл уг үйл явдлыг Хятадын тэргүүлэх интернэт портал Netease дээр:

“Монголчууд Майк Помпеогийн айлчлалыг дуу нэгтэйгээр эсэргүүцсэн тул тэрээр Японоос шууд буцахаар боллоо. Үнэн хэрэгтээ түүний дотроо тээж яваа хорон муу санаа, Хятад орныг эсэргүүцэх гэсэн бодлыг монголчууд сайн мэднэ. Монголчууд ийнхүү түүнийг нутагтаа ирэхийг эсэргүүцсэн нь Помпеод том сургамж болсон байх. Тэрбээр Монгол оронд айлчилж, бузарлахыг хүссэн боловч ойртож ч чадсангүй. Учир нь манай ард түмний нэгдмэл байдал түүнд хаалгаа нээж өгсөнгүй” хэмээн бичсэн байна.

Мөн QQ.com сайт дээр Помпео айлчлалаа цуцлахын өмнө Японоос Монгол хүртэл Хятадын дээгүүр нисэх зөвшөөрөл хүссэн байна. Гэвч Бээжин Помпеогийн нисэх онгоцыг улсынхаа агаарын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан гэж мэдээлжээ.