Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шаравтай энэ сарын 22-ны өдөр салах ёс гүйцэтгэнэ

Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шаравтай энэ сарын 22-ны өдөр салах ёс гүйцэтгэнэ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн,  Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шарав энэ сарын 15-ны өдөр /2019.07.15/ хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. 

Түүнтэй энэ сарын 22-ны /2019.07.22/ өдрийн өглөө 04.30-06.10 цагийн хооронд Дуурь бүжгийн эрдмийн театрт салах ёс гүйцэтгэх юм.  

Монголчуудын хайрлаж, хүндэтгэдэг суут хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь  1952 оны 11 сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. Тэрээр 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд “Чингис хаан” дуурь бүтээснийг  төр, ард түмэн өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ.

Тэрээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. Хорь орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө