Улстөр судлаач О.Чулуунбилэг: Н.Багабанди Ерөнхийлөгч үгээ хэлж,  тагнуулынхан хяналтаа тавих хэрэгтэй байна

Улстөр судлаач О.Чулуунбилэг: Н.Багабанди Ерөнхийлөгч үгээ хэлж, тагнуулынхан хяналтаа тавих хэрэгтэй байна

Цаг үеийн асуудлаар улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-За, шууд яриандаа орцгооё. Оюутолгой ба Дубайн гэрээнд гарын үсэг зурсан гээд С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын хүмүүст хорих ял оноолоо. Энэ талаар байр сууриа хуваалцаач.

-Монгол улс албан ёсоор улс төрийн хоригдолуудтай улс боллоо гэж харж байна. Ялангуяа Америкт сураад дараа нь Монголдоо хийх, бүтээх эрмэлзэл дүүрэн залуу үеийн төлөөлөл болсон Б.Бямбасайхан зэрэг залууст хэт хатуудлаа. Ер нь ийм чухал төсөл дээр яагаад зөвхөн яллах даалгавартай шинжээч нарын дүгнэлтээр ийм өндөр ял өгөв өө. Шинжээч нар чинь цагаатгах талын байр суурийг давхар баримтлах ёстой биз дээ? Хөндлөнгийн байх, мэргэжлийн байх бас хуулиа дээдэлдэг ёс хаачив аа. Ийм мэргэжлийн бус, улс төрийн шийдвэрт эрүүгийн ял өгдөг Монголын шүүгчдийн талаар хүний эрхийг дээдэлдэг Америк, Англи, Япон мэтийн орнуудад хандаж виза өгөхгүй, улс орондоо нэвтрэхийг хориглосноо зарлахыг уриалах хэрэгтэй. Олон улсад ийм жишиг бий.     

-Гадаадад төгсөж ирсэн эсвэл ирэх гэж байгаа залууст сөрөг дохио болох уу?

-Энд зөвхөн ганц нэг хувь хүмүүсийн асуудал биш ер нь манай улс хөрөнгө, санхүү, татвар, хууль хяналтын байгууллагаа орчин үежүүлж чадаж байна уу гэдэг асуулт урган гарч ирж байна. Олон улсын хамгийн сүүлийн үеийн мэдлэг тээж ирэх залуусаа угтах хөрс, тэр орчин нь 20-р зууны түрүү үеийн большевик үеийн инерцээсээ гарч чадаж уу гэдэг дээр эргэлзэж эхэллээ.

Ер нь орчин үед бизнес татварын харилцааг эрүүгийн хуулиар шийдээд байдаг жишиг тогтоож болохгүй. Татварын маргаан, хөнгөлөлт дагасан үл ойлголцол аль ч улсад байдаг. Нэг жишээ хэлье. Саяхан АйФон үйлдвэрлэдэг Аппле компани олон улсын татварын асуудлаар Европын холбооны засгийн газартай Европын холбооны шүүх дээр маргаад ялалт байгууллаа. Аппле-ийг 13 тэрбум доллар буюу манай улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг нөхөж төл гэдэг шаардлагыг татварынхан үүсгэсэн. Манай Оюутолгойн маргаантай их төстэй. Аппле үүний эсрэг зарга үүсгээд ялалт байгууллаа. Иргэншсэн газар том төслийг бизнесийн өрсөлдөх чадвар, ажлын байраар хэмждэг юм байна. Тэрнээс шийдвэр гүйцэтгэсэн гүйцэтгэх захирлыг бариад хорьдоггүй юм байна.    

-Гадаадын хөрөнгө оруулалтад яаж нөлөөлөх бол?

-Манай улсын эдийн засаг, гадаад өр хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээр төгрөгийн ханшаа яаж барих юм бол? Гадаад өрийн менежментээ хэрхэн хийх бол? Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн  би0 даасан байдал, гуравдагч хөршийн бодлогоор баталгаажуулдаг том эрх ашгаа яах вэ? Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд тэнцвэртэй хандах тухай маш нарийн зааж өгсөн байдаг. Ийм учир манай тагнуулынхан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн энэ мэт жишээ, үйл явдал дээр онцгой анхаарал хандуулах ёстой гэж бодож байна.

-Яагаад заавал сонгуулийн сурталчилгааны ид үеэр барьж хорьсон юм бол оо? Ардчиллын амин сүнс нь сонгуульдаа байдаг. Гэтэл сонгуулийн ид дунд үед ингэж массын сэтгэлзүйд зориулсан гэлтэй шийддэг нь?

-Да.Ганболд, Б.Бямбасайхан хоёр сурталчилгаагаа эхлүүлээд удалгүй шоронд орсон ч гэсэн нийлээд 15 мянган сонгогчдын саналыг авсан байна. Энэ хоёр хэрвээ эрх чөлөөгөө хасуулалгүйгээр сурталчилгаагаа дуусгасан бол хэд дахин илүү санал авах боломжтой байлаа. Дэмжигч сонгогч нарт хандаж хэлэхэд тэд буруу юм хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Эдийн засаг хүнд үед сонголтгүй шийд гаргасан улс. Олон мянган ажлын байрыг аварч үлдсэн хүмүүс. С.Баярцогт сайд ч мөн их өндөр санал авсан. Эрх чөлөөтэй байж байгаад сурталчилгаагаа дусгасан бол үр дүн өөр байх байсан. Ер нь цаашид сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлагатай. Ингэх л байсан юм бол Монгол төр яах гэж анхнаасаа тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон юм.

-Та түрүүн улс төр бол шийдэл олгох ухаан гээд хэлчихлээ. Одоо цаашид яах хэрэгтэй вэ?

-Ямар ч байсан Бямбасайхан зэрэг чадалтай залуус маань золиослогдоод өнгөрч болохгүй. Энэ шүүх үйл явц дээр олон улсын татварын мэргэжилтнүүдийг татан оролцуулсан шинжээчдийн багыг бүрдүүлэх хэрэгтэй. Маш том сургамж болно. Хууль хяналтын байгууллагууд маань ч иргэнших ёстой.

Ер нь уул уурхай, хөрөнгө оруулалт, татварын маргаанаар мэргэшсэн хөндлөнгийн, орчин үеийн, иргэншсэн арбитр, шинжээч, мөрдөгч, прокурор, шүүгч нараа бэлдмээр байна. Татварын бас бүртгэлийн стандартаа ч шинэчилмээр байгаа юм. Тэгэхгүй бол Зөвлөлтийн үеийн системээр орчин үеийн бизнесийн олон улсын харилцааг шүүвэл ийм л үр дүн гарна. Цаашид Монгол Улс улам л хоцрогдож, том хөршүүдийн бөглүү булан болж хувирна.

-Оюутолгойн татварын маргаан олон улсын арбитр дээр үргэлжилнэ. Ингэхэд манай улс яагаад олон улсын арбитр дээр ялагдаад байдаг юм бэ?

-Бид дэлхийн дүрмээр тоглохгүй байна л гэсэн үг. Манайх шиг жижиг улс дэлхий нийтийн дүрмээр тоглож байж л үндэсний нийтлэг эрх ашгаа олон улсын түвшинд хангуулж чадна. Хэт нэг тал руу хэлбийгээд байвал үнэ цэнээ алдаж, хавханд орно л гэсэн үг юм. Үндэсний аюулгүй байдалд харш гэсэн үг. “Хан ресурс” дээр ялагдсан. Оюутолгойн татварын маргаан олон улсын арбитр дээр очсон. Татвараа тогтворжуулна гэж гэрээ байгуулсан. Тэгснээ татварын хуулиа өөрчлөнгүүтээ шинэ татвар нэхээд, хөрөнгө оруулагч нарыг үргээгээд байдаг. Тэгээд за тохирсноороо явъя гэж хэлсэн хүмүүсээ бүгдийг нь шоронд суулгачихлаа. Дэлхий нийт монголчуудын хоцрогдлыг бас дотоод зодооныг “Өө хөөрхий энэ шинэ залуу ардчилсан улс юм даа” гэж толгой илээд өнгөрөөхгүй.  

-Тантай санал нэг байна. Гадаадад төрийн өмчийн компаниудад улс төр хэр оролцдог вэ? Манайд бол их байх шиг. Ерөнхийлөгч асан хүртэл улс төрийн томилгоогоор оччихдог?

-Манай Монголын улс төр, эдийн засгийн гол зовлон энэ. Би төрд алба хашиж байхдаа Оросын “Ростех”, Хятадын “Си-Ай-Си”, Сингапурын “Темасек”, Норвегийн сан зэргийн түүхийг сонирхож байсан. Энэ чиглэлээр судалдаг хүмүүстэй ч уулзаж санал бодлоо солилцож явлаа. Манайх шиг ингэж хутгалддаг газар бараг байхгүй. Муу хэлээд байдаг Орос, Хятад хоёрт хүртэл төрийн компаниудад нь барууны засаглалын стандартыг оруулж өгсөн байдаг. Герман, Америк, Английн менежер, профессоруудыг урьж авчирдаг. Хөрөнгө оруулахыг урьдаг. Манайд яг эсрэгээр. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнээ хүртэл хамгийн чухал компанийнхаа Төлөөлөн Удирдах Зөвлөлд оруулсан байх жишээтэй.  Титэм үгээр биднийгээ булж байсан тэр эрхэм маань энэ эгзэгтэй үед бүлх залгисан мэт таг дуугүй. Төрийн компани татвар их төлнө гэдэг нь зардал нь өснө гэсэн үг. Тэр хэрээр ашиг нь хойшилно. За тэгээд татвар анх тохирсон хэмжээнд төлөхөөр бас буруудна. Бүгдийг нь шоронд хийнэ. Хамар дор нь ийм ойлгомжгүй зүйл болж байхад тэр хүн титэм биш юм аа гэхэд, татам үгээ хэлээсэй дээ.

-За Б.Бямбасайхан, Да.Ганболд ба Оюу толгой тойрсон улстөржилтийн хувьд ийм байдаг байж. Бас нэг асуулт байна. Сангийн сайд асан Б.Болор гэхэд л засгийн даалгаврыг биелүүлснийхээ төлөө хоригдох ял авчихлаа. Ер нь танхимаараа шийдчихсэн, салбарынх нь сайд  гарын үсэг зурчихсан шийдвэрийг баталгаажуулсаныхаа төлөө хоригдох нь хуульд нийцэх шийтгэл мөн үү. Б.Болорын кейс дээр дэлгэрэнгүй тайлбар өгөөч?

-Яг ямар зүйл заалтаар ялласан бэ гэдэг талаар нарийн мэдээлэлгүй байна. Хуульч биш болохоор хууль тайлбарлах нь зохимжгүй байх. Улс төр судлаачынхаа хувьд хариулъя. Нэгд, дэлхийн аль ч улсад Засгийн газар кабенитын зарчмаар ажилладаг. Шийдвэрийг хамтдаа гаргаж, хамтдаа хариуцлага хүлээдэг. Энэ бол улс төрийн зарчим.  Хоёрт, геополитикийн хувьд Эрдэнэтийг Монголд оруулж ирэхэд хувийн хэвшлийг дэмжих Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэр зөв байсан. Баруун төвийн үзэл баримтлалтай эрх баригч намын бодлого ийм л байх ёстой. Эрдэнэт бидэнд ирсэнээр Оросын Монгол дахь нөлөө суларч, Монголын бие даасан байдал илүү баталгаажиж байгаа юм. Хэрвээ хохирогч гэж байгаа бол тэр нь монголчууд биш хувиа зарсан Оросын төр л байж таарна. Дараагийн удаа оросуудаас төмөр замын хувийг нэг монгол нь аваад ирвэл ял өгөх үү. Харин ч Монголын төр хувийн хэвшилтэйгээ нийлж байгаад төмөр замыг мөн адил Монголдоо зуун хувь авах хэрэгтэй.

-Улстөрийн гэх тодотголтой хоригдлуудын тоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ахиад нэмэгдэнэ гэсэн дам шуугиан бий. Байдал энэ мэтээр газар авбал олон улсын байгууллагуудын анхааралд орох, цаашлаад элдэв хоригт орох гэх мэт эрсдэл байгаа болов уу?

-Тийм шуугианд итгэхгүй байна. Улс төрийн хоригдлуудыг нэмсэн ямар ч Ерөнхийлөгчийн сонгуулийн кандидат нийт сонгогчдын 50+1 хувийг авч чадахгүй. Нийгмийн маш том хагарлыг л үүсгэнэ. Сошл фэйсбүүкт л олон улсын тролл армийн дэмжлэгийг 100 хувь авч магад. Бид эдийн засгийн хар, сараал жагсаалтанд ороод амжсан улс. Нэмээд улс төрийн хоригдлуудаар шоронгоо дүүргээд байвал улс үндэстнээрээ олон улсын улс төр, гадаа харилцааны хориг бүхий торонд орох нь гарцаагүй. Хамгийн энгийнээр хэлэхэд барууны орнууд уруу гарах иргэдийн виз чангараад, компаниудад зээл, хөрөнгө оруулагч олдохоо болино.

-Засгийн газар танхимаараа хэлэлцээд шийдвэр гаргачихсан үед шийдвэрийг баталгаажуулж гарын үсэг зурсан хүмүүсийг олноор нь ингэж хэлмэгдүүлж хориод байвал цаашид эдийн засагт нөлөөтэй том шийдвэрүүд гарахгүйд хүрэх эрсдэлтэй нүүр тулах байх аа даа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Улс төрчид бодлогын шийдвэр гаргасныхөө төлөө шоронд ороод эхэлдэг ийм жишиг нэгэнт тогтчихвол ерөнхийлөгч хөндлөн төмөр зам бариулсаныхаа төлөө, ерөнхий сайд тавантолгойн ашигийг төмөр замд оруулах шийдвэрийнхээ төлөө эсвэл эрдэнэтэд онц байдал тогтоосныхоо төлөө хожим шүүх цагдаагаар явахад гайхах юмгүй. Ийм буруу жишиг дээр улс төрийн бохир өрсөлдөөн тахлын нян шиг үржиж хэлмэгдүүлэлт дахин сэргэнэ. Тиймээс хууль тогтоогчид энэ асуудал дээр анхаарч шүүхийн шинэчлэлээ яаравчлах зайлшгүй шаардлагатай.

Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: Өдрийн сонин