НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн компани 1300 жолоочийн цалинг өгөхгүй зугатааж байна

НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн компани 1300 жолоочийн цалинг өгөхгүй зугатааж байна

-УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН ДЭЭРХ КОМПАНИУДАА
ХОМ-ТЭЭ МЭДҮҮЛЖЭЭ-

Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нар маш хүнд нөхцөлд ажилладгийг олон нийт мэднэ. Ажлын халширам хэцүү нөхцлийн улмаас тэдний зарим нь эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол ч бишгүй гарсан. Өвлийн хүйтэнд урт замд олон хоногоор дугаарлан машины кабиндаа хоног төөрүүлж, нүүрстэй хутгалдан явж ядахад цалинг нь өгөхгүй, амрах байр, хувцас хэрэглэлээр хангахгүй 1300 жолоочийг зутрааж буй асуудал гараад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь 1300 жолоочийн цалинг өгөхгүй зугатаж улмаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн амрах байр, ажлын хувцас, эд хэрэглэлээр хангах үүргээ биелүүлэхгүй байгаа тухай мэдээлэл манай редакцид ирлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр “Тэнгри транс групп ХХК”, “Ульгансар транс ХХК”, “Сан тээвэр групп ХХК”, “Баянговь транс ХХК” гэх дөрвөн компанид  ажилладаг нийт 1300 жолоочид дээрх асуудал тулгараад байгаа аж. Жолооч нар хэлэхдээ тус дөрвөн компани нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийнх гэсэн юм.

Жолооч нарын өгсөн мэдээллийг бид нягталж, шалгахаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг шүүж үзэв. Эндээс харвал “Тэнгри транс групп ХХК”, “Ульгансар транс ХХК”, “Сан тээвэр групп ХХК”нь яалт ч үгүй түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн өөрийнх нь компани байна. Харин “Баянговь транс ХХК”-г хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй ч зарим хэвлэлд тус компанийг А.Адъяасүрэнгийн хамаарлынх гэж баримтаар баталгаажуулан бичиж байжээ.

Ямартай ч дээрх компаниуд нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэр дээр бүртгэлтэй гэдэг нь холбогдох баримтаар нотлогдож байна. Харин дээрх дөрвөн компанид ажиллаж буй 1300 жолоочийн цалинг өгөхгүйн дээр амрах байр, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээр хангахгүй байгаа гэх асуудлаар бид жолооч Б-тай ярилцлаа.

-БИДНИЙГ ЗАЛГАХААР УРДААС ШАЛТАГ ХЭЛДЭГ. ЭСВЭЛ УТСАА АВАХГҮЙ ЗУГАТААЖ БАЙНА-

-Таны хувьд хэдэн оноос “Тэнгри транс групп” ХХК-д ажиллаж байна вэ?

-Би тус компанид гурван жил ажиллаад 2019 онд ажлаасаа гарч байсан. Ингээд хэсэг хугацаанд өөр ажил хийж байгаад энэ зун буцаж  ажилдаа орсон. Ажилдаа ороод зургаан сар болж байна.

-Энэ хугацаанд үндсэн цалингаа огт авч чадаагүй юм уу. Жолооч нарын үндсэн цалин хэд вэ?

-Тийм. Жолоочийн үндсэн цалинг 550000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосон. Үүнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хасагдаад 300 гаруй мянган төгрөгийн цалинг гар дээр авахаар бодогддог юм. Гэтэл энэ цалинг маань өгөхгүй байна. 1300 жолоочийн нэг сарын цалин хаашаа ордог вэ. Бид нар цалингаа авмаар байна.

-Цалингүй мөртлөө та бүхэн ажиллаад л байдаг юм уу?

-Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэлх нэг рессийн мөнгөө бол авна. Гэхдээ энэ мөнгийг маань Хятадууд өгдөг юм шүү дээ. “Тэнгри транс групп ХХК”, “Ульгансар транс ХХК”, “Сан тээвэр групп ХХК”, “Баянговь транс ХХК” дөрвөн компани нь БНХАУ-ын Дайчин компанитай хамтарч ажилладаг. Манай жолооч нар Дайчин компанидаа нүүрсээ өгчихөөд рессийн мөнгөө тэндээсээ авчихдаг юм. Түүнээс үндсэн цалинг Монголын талын буюу УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн дээрх дөрвөн компани бидэнд өгөх ёстой.

-Жолооч нар бүгд тус компаниудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу?

-Хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн цалин тогтоож нийгмийн даатгалыг нь төлөөгүй бол нүүрс тээврийн компаниудад C бичиг өгдөггүй юм. Өөрөөр хэлбэл, тээвэр хийх зөвшөөрлийн бичгээ авч чадахгүй гэсэн үг. Тиймээс учраас аргагүйн эрхэнд нийгмийн даатгалыг төлж, жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Тэгэж байж Авто тээврийн үндэсний төвөөс С бичиг авдаг юм. Бидний нийгмийн асуудалд анхаарч биш С бичгээ авахын тулд нийгмийн даатгалыг минь төлж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

-Гэхдээ л хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ тус компани биелүүлэх ёстой шүү дээ. Тэр бол хүчин төгөлдөр бичиг баримт?

-Тийм. Иймээс л бид цалингаа авахаар хөөцөлдөөд байгаа юм. Бид нарын нийгмийн даатгал төлөгдсөн мөртлөө цалинг минь яагаад өгөхгүй байгаа юм. Энд 10 жил цалингаа аваагүй ч жолооч байна. Тоохгүй яваад байхаар өгдөггүй ийм жишиг тогтож болохгүй. Бидний цалинг өг гэж хэлмээр байна.

-Хөдөлмөрийн гэрээний дагуу та бүхнийг мөн амрах байр, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангах ёстой ч өгөхгүй байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Бидэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд жолооч нарыг амрах байр, хувцас хэрэглэлээр хангана гэсэн байгаа. Гэтэл гэрээнд тусгасан ганц ч ажлыг хийгээгүй. Амрах байр алга. Бусад компанийн жолооч нар амрах байртай бол А.Адъяасүрэн гишүүний дээрх компанид ажилладаг жолооч нар кабиндаа хонож байна. Бид нарыг хоол идэж, усанд орох газраар тус компаниуд хангаж өгөх ёстой. Хөдөлмөр, хамгааллын хувцсаа ч өгөлгүй олон жил болж байгаа.

-Та бүхэн цалингаа авахаар хөөцөлдөж үзсэн үү ?

-Бид маш их хөөцөлдөж байна. Нягтлан болон бусад албан ажилчдынх нь утсыг олоод залгахаар БНХАУ-ын компанийн талаас бүртгэл чинь ирээгүй байна гэдэг. Ингээд бид БНХАУ-ын компанитайгаа холбогдохоор та бүхний ажлын тайлан, бүх мэдээллийг Монголын компани руу явуулсан гэдэг. Ер нь Хятадын тал найдвартай ажлаа хийдэг. Ингээд дахиад залгахаар өөдөөс янз бүрийн шалтаг хэлдэг эсвэл утсаа авдаггүй. Жолооч нарыг залгахаар заримдаа авснаа “Би тийм хүн биш” гэж мэлздэг. Өнөөдөр өглөө би нягтлангийнх нь 99...... дугаар руу залгасан чинь “Би нягтлан нь биш” гэж хэлсэн. Хотод очоод уулзах гэхээр хэнтэй уулзахаа мэдэхгүй. Оффисийг нь ч мэдэхгүй.  Бидний цалинг юунд хэрэглээд байна вэ. Яагаад өгөхгүй байна вэ. Бид цалингаа авмаар байна гэж хэлмээр байна.

-Та бүхэн компанийхаа машиныг компанийнхаа хариуцсан ажилтанд хүлээлгэж өгч, авдаг байх. Тэр хүндээ хэлэхээр юу гэх юм? 

-Компанийн төлөөлөл гэх гурван залуу Цагаан хаданд байдаг. Бид тэр хүмүүст машинаа хүлээлгэж өгч, авдаг. Тэр гурван залуугаас асуухаар "Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Хотод оффис дээр нь очиж уулз" л гэдэг. Машин эвдэрсэн тохиолдолд бид өөрсдөөсөө мөнгө гаргаад засдаг шүү дээ. 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Жолооч нарын өгсөн утасны дугаараар тус компанийн нягтлантай холбогдохоор оролдсон ч холбогдох боломжгүй гэсэн хариуг бидэнд өгч байв.