Цусны бүлэгнэл үүсгэх тохиолдол гарсан тул Johnson & Johnson вакциныг АНУ зогсоолоо

Цусны бүлэгнэл үүсгэх тохиолдол гарсан тул Johnson & Johnson вакциныг АНУ зогсоолоо

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Johnson & Johnson” /J&J/ компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн хоёрдугаар сард олгосон. Тэгвэл Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг цусны бүлэгнэлийн эрсдэл үүсгэдэг байж болзошгүй шалтгаанаар дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түр зогсоож байгааг АНУ-ын эрх баригчид өчигдөр мэдэгджээ.

Тодруулбал, АНУ даяар J&J вакцины 6.8 сая тунг ашиглаад байгаагаас цусны бүлэгнэлийн зургаан тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрээс нэг өвчтөн нас барж, бусдынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Тиймээс илэрсэн тохиолдлуудыг шалгаж, дүгнэлт гаргах хүртэл тус вакциныг ашиглахаа түр зогсоохыг АНУ-ын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газар зөвлөжээ.

Энэхүү вакцин нь бүс нутгуудад өөр өөр үр дүн үзүүлсэн бөгөөд халдвараас ерөнхийдөө 66 хувиар хамгаалж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, АНУ-д 72 хувь, Латин Америкт 66 хувь, “B.1.351” хувилбар хурдацтай тархаж буй Өмнөд Африкт 64 хувийн үр дүн тус тус үзүүлсэн байна. “J&J ”-ын мэдээлснээр, вакцин халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэх, нас барахаас 100 хувь сэргийлжээ. Хүнс, эмийн хяналтын газар “J&J”-ын вакциныг 18-аас дээш насныханд тарихыг зөвшөөрсөн бөгөөд тус байгууллагын Вакцин, биологогийн бүтээгдэхүүний зөвлөх зөвлөл уг вакциныг аюулгүй гэж дүгнэж байсан юм.