Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших эсэх асуудал эцэслэн шийдэгдээгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших эсэх асуудал эцэслэн шийдэгдээгүй

Өнгөрөгч баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн юм. Хуралдаанаас ерөнхийдөө одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө сонгогдож байсан ерөнхийлөгчдийн 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль болон цаашид ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эхргүй гэсэн утга бүхий шийдвэр гаргав. Цэцийн дүгнэлт гарсан даруйтай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд “Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон” гэх мэдээлэл түгээмэл гарч байна.

ЭНЭ ХҮРТЭЛ ЯМАР ПРОЦЕСС ӨРНӨВ?

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт /нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;/, 5 дугаар зүйлийн 5.4 /50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй/, 5.6 /Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно/, 26 дугаар зүйлийн 26.2 /Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх/ дахь хэсэг нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтын зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан байна.

Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлэн, 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэжээ.[1]

Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон тохиолдолд холбогдох хууль хүчингүй болсонд тооцох тул одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхгүй гэх эцсийн шийдвэр гарсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл дараах процесс үргэлжлэх учиртай.

АСУУДАЛ ЦААШАА ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ?

Цэцийн дүгнэлт бичгээр гарсны дараагаар шийдвэрийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүйн яам болон маргагч талуудад тус тус хүргүүлэх журамтай.

  1. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хүлээн зөвшөөрөх эсэх хэлэлцэж тогтоол гаргана.
  2. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар буюу Их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Улсын Их Хурлын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл нь зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгох тогтоол гаргана.
  3. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулын тухай хуулийн холбогдох хэсэгт цэцийн дүгнэлтийн дагуу нэмэлт оруулах буюу өмнө ажиллаж байсан Ерөнхийлөгч болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн нэр дэвших эрхтэй эсэхийг тусгах шаардлагага үүснэ.
  4. Цэцийн дүгнэлтийн дагуу хуульд ямар агуулгатай нэмэлт, өөрчлөлт оруулах нь анхаарал татах асуудал бөгөөд тухайн оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль нийцээгүй гэж үзвэл одоогийн Ерөнхийлөгчөөс Цэцэд хүсэлт, иргэдээс мэдээлэл гаргах боломжтой.
  5. Хэрэв Ерөнхийлөгчөөс Цэцэд хүсэлт гаргасан тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсэх, иргэдээс мэдээлэл гаргасан тохиолдолд мэдээллийг хүлээн авах эсэх, хүлээн аваагүй тохиолдолд бага суудлын хуралдаанд гомдол гаргах зэргээр процесс дахин үргэлжлэх төлөвтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнө нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тусгасан бөгөөд Улсын Их Хурал ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарна. Гэтэл сонгуулийн тухай хуулиараа Хуулийн хэрэгжилтийн хугацааг харвал энэхүү асуудал нь 2021 Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаатай тулах хандлагатай байна.

[1] https://www.conscourt.gov.mn/?p=6277

Редакцийн бус сонголт