БАРИМТ: ГЕГ “Мон Полимет” компаниас 33 тэрбум төгрөг бус 7 тэрбумын татвар нэхэмжлэн гурван шатны шүүхэд хандаж байж

БАРИМТ: ГЕГ “Мон Полимет” компаниас 33 тэрбум төгрөг бус 7 тэрбумын татвар нэхэмжлэн гурван шатны шүүхэд хандаж байж

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оноос эхлэн “Монполимет” компаний үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав Монголбанкинд төлөх ёстой байсан 10 тэрбум төгрөгөө эрсдэлийн сангаас төлүүлж, хүчингүй болгуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан.

Өөрөөр хэлбэл, өөрийн төлөх ёстой 10,6 тэрбум төгрөгийг нас барсан иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сангаас гаргасан мөн Гаалийн ерөнхий газар ГЕГ-т төлөх ёстой 33 тэрбумаа төлөлгүй өдийг хүргэсэн гэсэн мэдээлэл ч цацагдсан байдаг.

Энэ талаарх баримтыг анх сэтгүүлч Н.Өнөрцэцэг олон нийтэд мэдээлж байсан бөгөөд “Монполимет” компаний үүсгэн байгуулагч Ц.Гарамжав “тус сэтгүүлч баримтаа сайн нягтлалгүйгээр хүний нэр хүндэд халдсан” хэмээн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхэд өгсөн юм. Одоо ч тус гомдол шүүхээр шийдэгдээгүй байгаа бөгөөд шүүх хурал нь 10 гаруй удаа хойшлогдоод буй.

Харин энэ сарын 19-нд “Улаан бал” нэвтрүүлэгт “Монполимет” компаний үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав орсон дугаар цацагдсаны дараа олон нийтийн дунд багагүй талцал, хэлэлцээн үүсээд байгаа юм.

Учир нь тэрээр тус нэвтрүүлэгт оролцох үеэрээ дээрх асуудлыг анх олон нийтэд мэдээлсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэд хэдэн баримтаар няцаасан бөгөөд Монголбанкнаас 10 тэрбум төгрөг зээлж авч байгаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өнгөрсөн хугацаанд ярьсаар ирсэн “Монполимет” компанитай холбоотой 10 тэрбумын хэрэг болон Гаалийн ерөнхий газартай холбоотой 33 тэрбумын маргаан шүүхээр хэрхэн шийдэгдэж байсан талаарх баримтыг хүргэж байна.

-“МОНПОЛИМЕТ” КОМПАНИ 2016 ОНД МОНГОЛБАНКТАЙ ШҮҮХДЭЛЦЭЖ АРИЛЖААНЫ АСУУДЛААС ҮҮССЭН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХ ҮНДЭСЛЭЛГҮЙ НЬ ТОГТООГДОЖ БАЙЖЭЭ-

Монголбанктай холбоотой 10 тэрбумын төгрөгийн хэрэг нь 18 жилийн өмнө буюу 2002-2007 оноос үүсэлтэй ажээ. Тухайн үед Монголбанк нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Хайлааст” ХХК, “Эрдэс” ХХК, “Эрэл” ХХК, “Тайга инвест” ХХК, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК, “Монполимет” ХХК зэрэг 10 гаруй  компанийг татан оролцуулж, тэдний нэрийн өмнөөс Олон улсын зах зээлд үнэт металлын арилжаа хийсэн боловч 2007 оны дөрөвдүгээр сард Монголбанк уг компаниудтай байгуулсан гэрээгээ цуцлан арилжаанаас болж үүссэн алдагдлыг тус компаниудаас төлөхийг шаардан, хуваарилалт хийжээ.

Харин эдгээр 10 гаруй компанийн нэг нь ч уг алдагдлыг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Монполимет” компани тус асуудлаар 2016 онд Монголбанктай шүүхдэлцэж байжээ.

Ингээд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар, “Монгол банк”-ны нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сүүлчийн төлбөр хийснээс хойш 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, талуудын гэрээний биелэлт бүрэн хангагдаагүй гэж үзээд арилжаанаас үүссэн авлага 882,768,00,00 төгрөг, 3,970,801,32 ам доллар, арилжааны урамшуулал болох 796,568,00 ам доллар, урамшууллын алданги 180.950,00 ам доллар, нийт 10,615,924,551 төгрөгийг “Монполимет” ХХК-иас гаргуулах “Монгол банк”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Сүүлд энэ хэрэг дахин сөхөгдөж эхэлснээс хойш Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монполимет” компани Монголбанкнаас биетээр 10 тэрбум төгрөг авсан зүйл байхгүй. Мөн Монголбанкинд нас барсан иргэдийн зээлийг хаадаг эрсдэлийн сан гэж байхгүй, зөвхөн олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу аливаа гүйлгээ, төлбөр тооцоо хийх явцад эрсдэл гарвал тус сангаас гаргах журамтай байдаг” хэмээн ярьж байжээ.

2016 онд Монголбанктай шүүхдэлцсэний дараах шүүхийн тогтоол

-ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР 2018 ОНД “МОНПОЛИМЕТ” КОМПАНИАС ТАТВАРЫН ТӨЛБӨР БОЛОХ 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НЭХЭМЖЛЭН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ЯЛАГДСАН Ч 2019 ОНД ДАВЖ ЗААЛДАН АНХАН ШАТНААС ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ БАЙЖЭЭ-

“Монполимет” компани нь 2018 оны аравдугаар сард Гаалийн ерөнхий газартай татварын маргааны асуудлаар шүүхдэж байжээ. Тодруулбал, барилгын материалын үйлдвэр барих гэж 2014 оноос 2017 онд нийт 169 удаа 601.270.0513 төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмж импортоор оруулж ирсний дагуу гаалийн татвар болох 7.386.609.320 төгрөгийг төлөх ёстой гэж үзэн маргасан байна. Харин нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.13, 38.3  дахь заалт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 11.2, 11.2.1 дэх заалтыг тус тус баримтлан 7.386.609.320 төгрөгийн гаалийн албан татвараас “Монполимет” ХХК-г чөлөөлсөн захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгажээ.

Харин 2019 оны нэгдүгээр сард Гаалийн ерөнхий газар дахин давж заалдаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн оны гуравдугаар сард Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

2018 онд Гаалийн ерөнхий газартай шүүхдсэний дараах анхан шатны шүүхийн тогтоол

Тус шүүх хурлаар “анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуульчлан тогтоосон” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон, гаалийн албан татварыг төлөхийг хойшлуулах эсхүл хэсэгчлэн төлөх сонголтыг олгосон, нэхэмжлэгчээс энэхүү эрхээ эдэлж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоолоор 2 жил хүртэл хэсэгчлэн төлөх, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор гэрээ сунгах зэргээр хуульд заасан дэмжлэгийг эдэлсэн байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Үүнээс үзэхэд Гаалийн ерөнхий газар “Монполимет” компаниас 33 тэрбумыг нэхэмжлээгүй бөгөөд “Монцемент” төслийн хүрээнд барилгын материалын үйлдвэр байгуулах зорилгоор импортоор техник, тоног төхөөрөмж гаалиар оруулж ирсний татварын хураамж болох 7.386.609.320 төгрөгийг шаардаж байжээ.

Харин анхан шатны шүүх дээр “Монполимет” компани ялсан ч давж заалдах болон хяналтын шатны шүүхээр тус мөнгийг төлөхөөр болж 2 жил хүртэл хэсэгчлэн төлөх, төлөхийг тодорхой хугацаагаар хойшлуулах зэрэг хуульд заасан дэмжлэгийг эдэлхээр болсон байна.

Давж заалдах шатны шүүхийн тогтоол

 

Хяналтын шатны шүүхийн тогтоол

Харин УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ “Энэ асуудал хоёр өөр хуулийн эсрэг заалтаас болж үүссэн маргаан юм. Яг 33 тэрбум ч биш, 7.386.609.320 төгрөг дээр нэмэгдээд “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний үүргийн дагуу бараа тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар болох 15,536,890,223 төгрөг, нийт 22,923,499,543 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй. Үүнээс 17 тэрбум нь нэмэгдсэн өртгийн албан татвар. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэгч манай компанийхан НӨАТ-ын илүү төлөлтөөр суутгал хийлгэж эхлээд, одоо төлөөд дуусаж байна” гэж ярьжээ.