БНСУ-ын бизнесийн болон нийгмийн харилцааны өргөн хүрээтэй ажиллагаа явуулдаг “KPR Assocates INC” гэх компани бий. Товчхондоо, ПР компани. Энэ компанийн 2020 оны 12 дугаар сарын 24 гэсэн огноотой тайлан байх бөгөөд үүнд Монголын улс төрд өрнөж буй үйл явдлуудыг зааж чиглүүлж ирсэн баримт дурдагджээ.
Тэдний тайлангаас харахад, У.Хүрэлсүхийн гэнэтийн огцролт болоод ҮХЦ-ийн шийдвэр, үйл явдлуудыг учир шалтгаан тод харагдаж байна.
Ингээд тэдний “Монгол ардын намын 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн стратеги 1” гэх тайланг одоо хамтдаа үзье.
Нөхцөл байдал
2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рэйтинг 28 хувьтай байсан бөгөөд намын рэйтингийг давсан үзүүлэлттэй байсан. Тус сонгуулиар МАН … нийт хүчинтэй саналын 44 хувийг авсан, … олон намууд өрсөлдсөн нь давуу талыг бий болгож нийт 76 суудлаас 62 суудалд ялалт байгуулсан.
…2020 оны 6 сард нийт иргэдийн 82 хувь нь Коронавирусын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг “маш сайн” гэж дүгнэж байсан бол энэ үзүүлэлт оны сүүлээр 6 хувь буюу 76 хувиар уналаа. Мөн МАН-ын рейтинг 32 хувиас 17 хувь, У.Хүрэлсүхийн рейтинг 28 хувиас 10 хувь руу унасан үзүүлэлттэй байна.
МАН-ын уналттай холбоотой сөрөг хүчин Ардчилсан намаын рэйтинг өсөх боломж бүрдээд байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг 18 хувь дээр тогтмол үзүүлэлттэй байгаа бөгөөд сонгуулийн идэвх өндөр 40-өөс дээш насны иргэд тэтгэврийн зээлийн тэглэсэн асуудал дээр эерэг үнэлэмжтэй байна.
…тандалт судалгаагаар ХҮН -ын рейтинг тасралтгүй уналттай бөгөөд иргэд ХҮН -ыг улсын хэмжээний бодлого тодорхойлох түвшинд огт авч үзэхгүй байгаа…
Өнгөрсөн оны сүүл үеийн ийм нөхцөл байдал дээр тулгуурлан солонгос зөвлөхүүд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зөвлөжээ.
… судалгааны үр дүнгээс дараах арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай.
- Улс төрийн зураглалаас У.Хүрэлсүхийг холдуулах
У.Хүрэлсүх болон МАН-ын рейтингийн уналтыг зогсоохын тулд Засгийн газар болон намын зүгээс шинэ найдлага төрүүлэх шаардлагатай. Цаашид коронавирусын халдвар тархах нь тодорхой тул ирж буй сорилтот шинэ дүр хэрэгтэй. Иргэдийн зүгээс 2020 оны сонгууль “шинэ залуу” улс төрчийг сонгох хүсэлтэй байсан бол 2021 оны улс төрийн захиалгад “бодит зүйл хийдэг улс төрчийг дэмжих хандлагатай” байна мөн уламжлалт сэтгэлтэй, эх оронч, шударга улс төрч гэсэн түлхүүр үгүүд хүчтэй хэвээр байна. Энэ нөхцөлд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаас өөрийн хүсэлтээр буух шаардлагатай, Хүрэлсүхийн бүрдүүлсэн цэргийн имиж дээр фронтоос ухарлаа гэх сөрөг хандлага гарах магадлалтай тул огцрох нөхцөл байдал нь хариуцлага хүлээсэн, шударга нөхцөл байдал байх шаардлагатай. Дараагийн ерөнхий сайдыг намын залуу лидерээс сонгох засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг боловсролтой залуусаар бүрдүүлвэл олон нийтийн зүгээс хүлээлт үүсгэж болно.
Энэ зөвлөгөө амьдрал дээр бүрэн хэрэгжсэний гэрч нь монголын ард түмэн билээ. Зөвлөгөөний дагуу бүх зүйл явагдсан ч чанарын асуудал доголдолтой хэрэгжиж гэж дүгнэж болохоор юм. Фронтоос ухраагүй царайлж, шударгаар хариуцлага хүлээсэн дүр бүтээх гэсэн оролдлого амжилтгүй болсон шүү дээ. Төрөх эмнэлгээс нимгэн хувцастай, улавчтай нь зөөвөрлөгдсөн гэх хөөрхий эмэгтэй нь У.Хүрэлсүхийг хангалттай шудрага, хариуцлаг хүлээдэг нэгэн болгож чадаагүй бөлгөө. Харин ч чухал үед “ажлаа хаяж зугтдаг” гэх ойлголтыг баттай төрүүлсэн юм. Цааш нь…
… Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилтийг зарлах үед коронавирусын тархалт ихэссэн байх тул У.Хүрэлсүх “өөрийн гараар удирдах” шаардлага гарсан, коронавирусын тархалт тогтворжсон нөхцөлд “залууст боломж олгодог”, “хариуцлага, шударга ёс болон манлайллын жишээ” гэх түүхүүд үүсгэж болно.
Энэ түүхүүдийг зөвлөмжийн дагуу хийх гэж оролдсон гэхдээ оромдчихсон. Залууст боломж олгосон гэх ойлголт олон нийтийн сэтгэхүйд олигтой бүрдээгүй. “Сайн дүүгээрээ суудлын манаач тавьлаа” гэж л ойлгож байгаа. Намын даргын албна тушаалаасаа зууралдаад байгаа нь аймхай, хариуцлагаас айдаг, хардамтгай гэсэн дүр төрхийг нь батжуулсан.
… У.Хүрэлсүх цаашид үргэлжлүүлэн Ерөнхий сайдын ажлыг хийсээр байх нөхцөлд МАН болон У.Хүрэлсүхийн рейтинг тууштай унах хандлагатай бөгөөд коронавирусын тархах нөхцөл байдлаас шалтгаалан сонгуулийн сурталчилгааны үеэр унасан рэйтингийг дахин нөхөх боломжгүй. Өөрийн саналаар огцрох асуудлын хувьд хэрэгжилтийг 2021 оны 3-р сараас өмнө хэрэгжүүлэх шаардлагатай.
Энэ бол У.Хүрэлсүх гэнэт огцорсны бодит шалтгаан! Яг зөвлөмжийн дагуу хөдөлжээ. Солонгосчуудын зөвлөгөөг У.Хүрэлсүх ёсчлон биелүүлснийг цааш уншицгаая.
2. Үндсэн хуулийн эргэлзээтэй заалтыг ашиглах
Шинэчлэн батлагдсан Үндсэн хуулийн хэрэгжилтийн хугацаа болон 6 жилээр 1 удаа сонгогдоно гэх заалт нь одоогийн Ерөнхийлөгчид хамаарах, үгүй нь ойлгомжгүй байгаа. Энэ нөхцөлд ҮХЦ дээр маргаан гаргах шаардлагатай. Тус маргааныг МАН-ын зүгээс гаргаж болохгүй… МАН-ын зүгээс гомдол гаргах нь хүчээр дайрж байгаа сэтгэгдэл үлдээх олон нийтэд хүчний тэнцвэрийг бий болгох хандлага төрүүлэх боломжтой. Уг нөхцөлд гомдлыг ХҮН-ын зүгээс гаргах нь хамгийн тохиромжтой.
Энэ зөвлөмж яг таг хэрэгжсэн. Т.Доржханд бол ердөө л гүйцэтгэгч гэдэг нь бүгдэд илт байсан. ХҮН бол МАН-ын дагуул нам болохыг монголчууд бат ойлгож авсан.
… ҮХЦ-ийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Х.Баттулгыг шууд дэмжих түүний томилсон гишүүд байгаа тул ҮХЦ дээрх маргаанд Ерөнхийлөгчийн талд шийдэгдэх магадлалтай. ҮХЦ-ийн гишүүдээс хугацаа нь дууссан гишүүдийг эргүүлэн татах, шинээр томилох зэргээр ҮХЦ -ийн бүрэлдэхүүнийг шинээр бүрдүүлэх боломжтой. ҮХЦ-ийн маргааныг Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн нам, эвслүүд оролцох эсэхээ илэрхийлэх хугацаатай тааруулах нь хамгийн ашигтай.
Энэ зөвлөмж бас ёсоор хэрэгжсэн болохыг нийтээрээ мэдэж авлаа. Ш.Цогтоог хугацаа нь дуусан гэж татсан хирнээ адилхан хугацаа нь дууссан Д.Солонгыг үлдээсэн. Бага суудлын хуралдаан… Ж.Эрдэнбулганыг ҮХЦ-ийн гишүүнээр томилсон, Дунд суудлын хуралдаан, УИХ дээр ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан… бүгд зааврын дагуу! Солонгосчуудын зөвлөсөн дараагийн мэх…
- Ардчилсан намыг легитим шинж чанарыг унагаах
… Ардчилсан нам одоог хүртэл намын даргагүй байна. …АН-ын мөрдөгдөж буй дүрмээр С.Эрдэнэ нь намын дарга биш ч одоо мөрдөгдөж буй бүртгэлийн тухай хуулиар 2017 онд бүртгүүлсэн …албан ёсны бичиг баримт дээр …С.Эрдэнэ хэвээр байгаа. С.Эрдэнийн хувьд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд байх үедээ эрх мэдлээ урвуулан ашигласан өөрт давуу байдал үүсгэсэн хэргээр шалгагдаж байгааг ашиглах. АН-ын ҮБХ болон Их хурлыг 2021 оны эхний сард багтаан зарлан хуралдуулах шинэ даргыг сонгох ажлыг эхлүүлэхээр зарлаад байна. С.Эрдэнэ нь АН-ын дарга хэвээр бөгөөд өөрийн байр суурийг баталгаажуулж чадвал АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дахин дэмжихгүй байх магадлал өндөр. Эсрэг талд Х.Баттулга болон түүнийг дэмжигчид АН-ын удирдлагыг С.Эрдэнэд өгөхгүй байх тул Ардчилсан намд дотоод зөрчилдөөн үүсэх боломжтой. Сонгуулийн өмнө дотоод зөрчил үүсгэж, тус намыг олон нийтэд сул харагдуулах замаар сонгуульд боломжит дэмжлэгийг авахуулахгүй байх боломжтой.
За, энэ зөвлөмж “амжилттай” хэрэгжээд явж байгаа. У.Хүрэлсүх өөрийн зүгээс нэмсэн зүйл нь УБЕГ болон Дээд шүүх дээр Ардчилсан намын шинэ даргыг бүртгүүлэхгүй байх бичил ажилбарыг хийж яваа. Үргэлжлүүлье…
- Зарим мэдээллийн нийтэд зарлах хугацааг хойшлуулах
… Ерөнхийлөгч Х.Баттулгын нийтэд танигдсан ажлууд, Тэтгэврийн зээл тэглэсэн болон БНХАУ-д 30 мянган хонь хандивласан зэрэг ажлууд байна. ЕТГ-ын хэвлэлийн багаас Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сурталчилгааны нэвтрүүлгүүдийг бэлдэж эхэлсэн. Мөн АНУ болон Солонгос улсуудтай стратегийн түншлэл байгуулах ажил амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд санамж бичгүүдийг 2021 оны 4 сард байгуулах төлөвтэй байна. Олон улсын терроризм, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг байгууллагын дэмжлэгтэйгээр МАН болон АН-ын нөлөө бүхий гишүүдийн үл хөдлөх хөрөнгө болон данснуудыг царцаах ажил эхлээд байгаа бөгөөд уг асуудлаас шалтгаалан үндэсний хэмжээний томоохон компаниуд оффшорт байршиж буй хөрөнгүүдээ эрчимтэй татах ажиллагааг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 350 гаруй сая доллар Монгол руу татагдсан байгааг Монголбанкны хяналт шалгалтын тайлангуудад тусгагдсан байна.
Эдгээр ажлуудыг Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаандаа ашиглах нь тодорхой. Бусад улс орнуудтай харилцах харилцаа нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хийгдэх ажил тул зогсоох боломжгүй. Тийм учраас АТГ болон Монголбанкинд хуримтлаглаж буй мэдээллүүдийн нийтлэгдэх хугацааг 2021 оны 2-р улирал хүртэл ухраах шаардлагатай. Мөн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацагдаж байсан Х.Баттулга офшор данстай гэх мэдээллийг дахин цацах шаардлагатай. Үнэн худал нь хамаагүй, нотлох үүрэг нь МАН-ынх биш.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга 30 гэр бүлийг тодорхой зарлах, оффшор данстай улс төрчдийн асуудлаар сенсаци дэгдээх нь тодорхой учир өөрийг нь оффшортой гэх мэдээллийг дахин сэргээх нь иргэдийн зүгээс итгэх итгэлийг унагаана...
За, зөвлөмжийн энэ хэсэг бол хэрэгжих шатандаа байгаа. Оффгор данстай гэх няцаагдсан гүтгэлэгийг ахин тарааж эхлэсэн. “Оффшороос мөнгө татагдаагүй” гэж Сангийн сайд асан хүнээр улайм цайм хэлүүлж, бичүүлж байгаа.
Энэ зөвлөмжийг уншаад надад дараах бодол төрлөө. Бүхэл бүтэн улс байж харийнхны зөвлөмжөөр улс төр, засаглал нь хөдөлдөг нь дэндүү харамсалтай, бас өрөвдмөөр юм. Харийнхан монголчуудыг хайрлахгүй, тэд захиалгаа биелүүлээд, мөнгөө аваад л явахаа бодно.
У.Хүхэлсүх Ерөнхийлөгч болох атгаг хүсэлдээ автаад бусдын зөвлөмжөөр төр, Засгаараа “тоглож” байгаа нь дэндүү увайгүй, харицуцлагагүй авир юм. Хамгийн гол нь МАН болон түүний дарга У.Хүрэлсүх олон нийтээс үнэнийг нуудаг, мэдээллийг зөвхөн өөрсөддөө ашигтай үед л ил болгодог нь тодорхой байна. Энэ нь авторитар дэглэм тогтсоны анхдагч шинж тэмдэг билээ. Оффшороос маш их мөнгө орж ирсэн нь үнэн байна. Тэр мөнгийг иргэдэд тараахыг санал болгосон нь ч зөв байж. Гагцхүү У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоход нь саад болно гэж үзээд тээг хийсэн нь тодорхой боллоо.
Үүнийг илчилж өгсөн солонгос зөвлөхүүдэд “баярлалаа” гэж хэлэх ч багадах байх аа.