Үндсэн хуулиар олгосон сүртэй эрх мэдэлгүй У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүдийн олонх ОГЦРУУЛЖ болно

Үндсэн хуулиар олгосон сүртэй эрх мэдэлгүй У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүдийн олонх ОГЦРУУЛЖ болно

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, үр дүнд нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт санал өгсөн иргэдийн 67 хувийн саналаар Монгол төрийн тэргүүний албан тушаалд сонгогдоод байна. Тэгвэл Үндсэн хуулийн 32.2 дугаар зүйлд “Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заажээ. Иймд түүнийг энэ сарын 14 /2021.06.14/-ны өдөр тохиох төрсөн өдрөөрөө “тангараг” өргөж магадгүй гэж буй юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ БИЕ ДААЖ ШИЙДВЭР ГАРГАХ ЭРХҮҮД-

Харин түүний Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа 6 жил үргэлжлэх юм. Тодруулбал тэрээр 2027 оныг хүртэл энэ албан тушаалд ажиллана гэсэн үг.

Иймд энэ урт хугацаанд түүнийг Монгол улсын парламентын засаглалыг өөрчилж, нэг хүний дарангуйлалд оруулах вий гэсэн болгоомжлолыг зарим иргэдийн зүгээс илэрхийлж байгаа юм.

Тэгвэл 2020 оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч нь улсын төсвийг захиран зарцуулахгүй, ямар төрийн томилгоо хийхгүй байх, цаашлаад ямар нэг сүртэй эрх мэдэлгүй байхаар зохицуулсан байна.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх:

  • УИХ-ын баталсан хууль, шийдвэрт хориг тавих
  • Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах
  • Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах
  • Уучлал үзүүлэх;
  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх
  • Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах
  • Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
  • Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

-УИХ, ЗАСГИЙН ГАЗРААС ХЯЗГААРЛАГДАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХҮҮД-

  • Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно
  • Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах
  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах
  • Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

(Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар заалт)

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЭЗГҮЙД УИХ-ЫН ДАРГА ТҮҮНИЙГ ОРЛОНО-

Мөн Үндсэн хуулийн 35.2 -д “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн байна. Тодруулбал, УИХ-ын гуравны хоёроос дээш гишүүдийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулж болох ажээ. Харин Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ” гэж Үндсэн хуулийн 37.1 -д заажээ.