“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ” Д.МӨНХБАТ: Надад тохиолдсон зүйл өөр хэнд ч бүү тохиолдоосой. Тиймээс эцсийг нь хүртэл явна

“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ” Д.МӨНХБАТ: Надад тохиолдсон зүйл өөр хэнд ч бүү тохиолдоосой. Тиймээс эцсийг нь хүртэл явна

2020 оны арваннэгдүгээр сард “Энхсаран” сувилалд халдвар, хамгааллын дэглэм алдагдаж, коронавирус тархах нөхцөл бүрдсэн гэсэн маргааныг иргэд цахим орчинд хүчтэй өрнүүлсэн. Тухайн үед тус сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбат бодит нөхцөл байдлыг зоригтой илчилж, нийгэмд “шүгэл үлээсэн”. Гэвч түүнд зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь олон хүний бухимдлыг төрүүлсэн билээ.

СОНСОХ: 

Шүүхээр түүнд холбогдох зөрчлийн хэргийг үндэслэлгүй хэмээн үзэж хаасан бол эрүүгийн хэргийг "мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хэрэгтэй" хэмээн прокурорт буцаасан. Бид хэргийн явц ямар шатанд яваа, мөн энэ хугацаанд болсон үйл явдлын талаар иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.

Д.Мөнхбат

-ИРГЭД, ОЛОН НИЙН ҮНЭН ЗӨВИЙГ МЭДЭХ ЭРХТЭЙ ГЭЖ БОДСОНЫ ҮНДСЭН ДЭЭР ЛАЙВ ХИЙСЭН. ҮҮНЭЭС Л БҮХ ЗҮЙЛ ЭХЭЛСЭН-

-Та өнгөрсөн 11 дүгээр сард Энхсаран сувиллын бодит байдлыг илчилж, нийгэмд “шүгэл үлээсэн”. Харамсалтай нь үүнээс болж танд зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэлээ. Зөрчлийн хэрэг таны талд шийдэгдэж, торгуулийг хүчингүй болгосон талаар бид мэднэ. Одоо эрүүгийн хэрэг ямар шатан дээрээ явж байна?

-“Ард иргэдийг төөрөгдүүлсэн” гэсэн үндэслэлээр надад зөрчлийн хэрэг үүсгэж, 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Үүнтэй санал нийлэхгүй байсан тул өмгөөлөгчтэйгөө хүсэлт гаргасан юм. Улмаар шүүхээс “иргэн Д.Мөнхбат ард иргэдийг төөрөгдүүлээгүй, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрхээ эдэлсэн” гэсэн дүгнэлт гаргасан. Харин эрүүгийн хэргийг “ард иргэдийг өдөөн турхирсан, халдварт өвчин тархаах нөхцөл бүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр үүсгэсэн. Саяхан хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, тухайн иргэнийг гэм буруутайд тооцоход хангалттай материал цугласан байна уу гэдгийг шалгаж, шүүх хуралд бэлтгэх процесс юм.

-Урьдчилсан шатны хэлэлцүүлгээр ямар шийдвэр гарав?

-Урьдчилсан шатны хэлэлцүүлгээр надад болон надтай хамт хэрэгт холбогдсон хүмүүсийг яллаж, гэм буруутай гэдгийг тогтооход хангалттай бичиг баримт бүрдээгүй гэсэн үндэслэлээр прокурор руу буцаасан. Прокуророос дахин мөрдөн үйл шалгах үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр шүүхэд шилжүүлнэ гэсэн үг.

-Анх та Энхсаран сувиллын талаар лайв хийж байхдаа ийм зүйл болох вий гэж эмээж байв уу. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдоно гэж төсөөлж байв уу?

-Хэрэгт холбогдоно гэхээсээ илүү би яг зөв үйлдэл хийж байна уу гэж бодсон. Анх тусгаарлалтын хугацаа дууссаны дараа “бид нарыг яагаад энд байлгаад байгаа юм бэ, энд голомт байгаа юм биш үү, биднийг зохих ёсны дагуу тусгаарлаач ээ” гэсэн шаардлагыг тавьж, тайлбар авах зорилгоор лайв хийсэн. Тухайн үед ийм хэрэгт холбогдоно гэж төсөөлөөгүй. Гэтэл сувиллаас гарсны дараа, шинжилгээ маань эерэг гарч ХӨСҮТ-д хэвтэж байхад Эрүүл мэндийн яамнаас “Энхсаран сувилалд гаднаас вирустэй иргэн ирж, халдвар тараасан” мэтээр ярьсан. Тиймээс би “Энхсаран сувилалд байсан хүмүүс эрүүл ирсэн ч тэндээсээ халдвар авсан, цаашлаад сувиллаас гарахдаа өөр хэн нэгэнд тараах өндөр эрсдэл байна” гэдгийг анхааруулсан юм. Иргэд олон нийт үнэн зөвийг мэдэх эрхтэй гэж бодсоны үндсэн дээр лайв хийсэн. Үүнээс л асуудлууд эхэлсэн дээ.

-Танд анх зөрчлийн хэрэг үүсгэсний дараа маш олон хүн “үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шийтгэл хүлээж байна” гэж эсэргүүцэж байсан. Үүний дараа холбогдох удирдлагууд тайлбар хийхдээ “иргэн Д.Мөнхбатад үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө бус хулганаар дамжиж халдвар авсан гэж олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн учраас зөрчлийн хэрэг үүсгэсэн” гэж тайлбарласан. Энэ хэр үндэслэлтэй гэж бодож байна?

-Тийм. Гэхдээ бүхэл бүтэн бичвэр, нийтлэл дундаас зөвхөн “хулганаар дамжиж халдвар авсан” гэдэг үгийг онцолж, үүн дээр дөрөөлж хэрэг үүсгэнэ гэдэг хэргийг хөөн шалгах бус, угтаж шалгасан явдал гэж үзэж байна. Мэдээллийн үнэн зөвийг бүрэн утгаар авч үзэхгүй, нэг хэсгийг нь л “өлгөж”, буруу зүйл ярьсан гэж тодорхойлж байна шүү дээ. Хулганаар дамжиж ковид халдаж байна гэдэг үгээр, нэгдүгээрт энэ сувилал хулганатай юм байна гэдгийг, хоёрдугаарт, эрүүл ахуйн дэглэм мөрдөгддөггүй, бохир заваан байгааг ойлгуулахыг хүссэн. Бас нэг зүйл нь би “халдвартай хулгана” гэж ерөөсөө хэлээгүй. Харин хулгана вирус тээвэрлэгч болж хүмүүст халдаах эрсдэл байна гэдгийг анхааруулсан.

Энэ талаар би Хэл шинжлэлийн хүрээлэнгээс тайлбар гаргуулж, шүүхэд өгсөн байгаа. Хулганаар дамжиж халдвар тархсан эсэхийг цагдаагийн газраас нотлоогүй байж, надад хэрэг үүсгэсэн нь сонин. Цагдаагийн газар мэдээж ажлаа хийж байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ үүнээс болж хэн хохиров, гомдол гаргагч нь хэн байв гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Д.Мөнхбат

-ЭНХСАРАН СУВИЛАЛД БУС ТУСГААРЛАХ ЖУРМЫГ ГАРГАЖ, БАТАЛЖ, ХЯНАЛТ ШААРДЛАГА ТАВИХ ЁСТОЙ ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ-

-Таны эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүс “эрүүл мэндийн ажилтнуудыг гутаан доромжилсон” гэж хэлсэн байсан?

-Надад иргэн Д.Мөнхбат ийм хүмүүсийг, ингэж доромжилсон гэсэн гомдол ирээгүй. Хоёрдугаарт, би хүмүүсийг цохож, нэр дурдаж, ярьсан зүйл байхгүй. Энэ асуудлыг ярихын тулд мөрдөн шалгах шатанд явж буй хэргийн материалуудыг сөхөх хэрэгтэй болно. Энэ нь өөрөө эргээд гэмт хэрэг болох учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна, та ойлгоорой.

-Энхсаран сувилалтай холбоотой 13 иргэнийг гэм буруутайд тооцож яллагдагчаар татсан. Үүн дунд тантай хамт тус сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүс бий юү?

-Байгаа. Тухайн сувиллын удирдлагууд мөн яллагдагчаар татагдсан. Яг үнэндээ зүгээр нэг залуу халдвар авлаа гээд гомдоллоод байгаа юм биш. Асуудлыг томоор харвал Энхсаран сувилал ч тэр, иргэд ч тэр хохирогч. УОК, ЭМЯ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу бид тусгаарлагдаж, Энхсаран сувилал ч байраа түрээслүүлсэн. Дээд удирдлагуудын алдаатай шийдвэрийн улмаас хоёр тал хоёулаа хохироод байна шүү дээ. Миний хувьд асуудлын үндэс нь Энхсаран сувилал гэж харахгүй байгаа. Харин тусгаарлах журмыг гаргаж, баталж, хяналт шаардлага тавих ёстой хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.

-Таныг эрүүгийн хэргийн 15.6.1 буюу “халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн, эсвэл бусдад халдаасан” гэсэн зүйл заалтаар яллагдагчаар татсан. Гэтэл та өөрөө хохирогч шүү дээ?

-ЭМЯ-ны дөрөвдүгээр сард баталсан “Иргэнийг түр тусгаарлах журамд “нэг иргэнийг нэг өрөөнд, эсвэл нэг иргэнийг асран хамгаалагчийн хамт нэг өрөөнд, мөн нэг иргэнийг гэр бүлийн хамтаар тусгаарлана” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, журмын дагуу нэг өрөөнд нэг л иргэнийг 21 хоног тусгаарлах ёстой. Гэтэл энэ журмаа анхнаасаа дагаагүй, таван иргэнийг нэг өрөөнд тусгаарлана гэсэн учраас бид эсэргүүцсэн. Эсэргүүцсэний үндсэн дээр хоёр, гурваараа нэг өрөөнд орсон. Бид гаргасан журмыг нь дагаж мөрдөх гэтэл өөрсдөө мөрдөөгүй.

Мөн журмын дагуу 21 хоног тусгаарлагдах ёстой байтал биднийг гаргаагүй. Ингээд би 23 дахь хоног дээрээ лайв хийхийн тулд өрөөнөөс гарсан юм. Гэтэл тусгаарлалтын журам зөрчсөн гэж намайг буруутгасан. Хуулиар бол 21 хоног өнгөрчихсөн учраас журам зөрчсөн гэсэн үндэслэл байхгүй. Тухайн үед сувиллаас аль хэдийн хүмүүс өвдөж, ХӨСҮТ-рүү явчихсан, голомт гэж хэлж болохуйц хангалттай нөхцөл байдал үүсгэчхээд байхад биднийг халдвар автал тэнд байлгасан нь өөрөө маш том асуудал. Хоёрдугаарт, тэр үед коронавирусээр өвдсөн гэдгээ би өөрөө ч мэдээгүй, шинжилгээгээр ч нотлогдоогүй байсан. Ийм байхад халдварт өвчин тархах нөхцөл байдал үүсгэсэн, санаатайгаар халдаасан гэх хуулийн үндэслэлээр намайг буруутгах үндэслэлгүй шүү дээ.

-Та эрхээ хамгаалуулахаар Хүний эрхийн байгууллагуудад хандсан уу?

-Монголын Хүний Эрхийн Үндэсний комисст хандсан. Өргөдөл бичсэнээс хойш сарын хугацаанд намайг дуудаж, нэмэлт тайлбар авах ёстой байдаг. Би тайлбараа өгчихсөн. Тайлбар өгснөөс мөн сарын хугацаанд “хүний эрхийн зөрчилтэй, эсвэл зөрчилгүй эсэх” дүгнэлт гаргадаг. Одоогийн байдлаар нэг сарын хугацаа өнгөрсөн ч ямар нэгэн хариу өгөөгүй байна. Би эрх бүхий байгууллагуудын алдаатай шийдвэр, алдаатай бодлогын улмаас цаг хугацаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс гэм буруутай, гэм буруугүй гэж тогтоохоос үл хамааран эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандана гэж бодож байгаа.

-ИРГЭД ӨӨРСДӨӨ ЭРХ НЬ ЗӨРЧИГДӨӨД БАЙНА ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙНА-

-Хэрэг дээр хоёр хуульч, өмгөөлөгч “пробоно” буюу үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа гэж сонссон?  

-Тийм. Зөрчлийн хэрэг дээр “Глоб Интернэшнл” төвийн хуульч, эрх зүйч Б.Пүрэвсүрэн намайг үнэгүй өмгөөлсөн. Тэр хүний чадварлаг өмгөөллийн ачаар зөрчлийн хэрэг дээр ялалт байгууллаа. Эрүүгийн хэрэг дээр өмгөөлөгч, хуульч Б.Мэргэн ажиллаж байгаа. Мөн л үнэгүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Хоёулаа Монголын чадварлаг өмгөөлөгчид. Маш их баярлаж байгаагаа энэ ташрамд хэлье.

-Таныг анх лайв хийх үед нөхцөл байдал одоогийнх шиг байгаагүй. Шуудхан хэлэхэд халдвар авсан хүмүүсийг элдвээр хэлж, доромжлох тохиолдол цөөнгүй байсан. Танд сөрөг сэтгэгдэл, шүүмж хэр ирж байв?

-Тухайн үед халдварын төсөөлөл огт өөр, тэр хэмжээгээрээ хүмүүсийн хандлага маш сөрөг, үзэн ядалтаар дүүрэн байсан. Надад ирж буй захидал, сэтгэгдлүүдийн бараг 70, 80 хувь нь сөрөг байсан. Тэр бүхнээс улбаалаад сэтгэл санаагаар унах үе ч гарч байлаа. Одоо бол харьцангуй хүмүүсийн хандлага өөр болсон.

-Зургаан сар гэдэг урт хугацаа. Энэ хугацаанд та олон зүйлийг туулж, тэр хэмжээгээрээ олон ч зүйлийг ойлгосон байх. Энэ бүхнээсээ хуваалцвал?

-Ковид бүх төлөвлөгөө, амьдралыг эргүүлчихсэн. Мэдээж энэ хугацаанд муу зүйлс байсан. Гэхдээ аль болох сайныг нь харах гэж хичээж байна. Маш олон хүнтэй танилцаж, найзууд боллоо. Адилхан хохирч, адилхан зовлон үзсэн залуус сэтгэл санаагаараа нэгдэн, “Зөвийг шүгэлдэгчид” гэдэг ТББ байгууллаа. Би гишүүнээр нь ажиллаж байгаа. Бид “Ард” санхүүгийн нэгдэлтэй хамтарч, гадаадад гацсан иргэдэд нэг сая төгрөгтэй тэнцэх коин тараах үйл ажиллагаа зохион байгуулсан. Мөн сэтгүүлч С.Батзаяа эгч “Уулзаагүй” гэдэг үзэсгэлэн гаргалаа. Энэ бүгд ямар ч мөнгө төгрөггүйгээр сэтгэл нэгдсэн хүмүүсийн хийсэн ажил. Адилхан зовлон үзэж, тэр зовлонг өөр хэн нэгэн бүү амсаасай гэсэндээ нэгдсэн залуус  хамтарч чадах бүхнээ хийсэн, одоо ч хийж байна, хийсээр ч байх болно. Тун удахгүй эхнээсээ олон нийтийн хүртээл болно гэж бодож байна. Үүнээс гадна цагдаа, прокурор, шүүхийн үйл ажиллагаа яаж явагддагийг өөрийн нүдээр харлаа.

-Сүүлийн үед Монголд хүний эрх зөрчигдсөн тохиолдол цөөнгүй гарах боллоо. Эрхээ зөрчүүлсэн хүмүүс яг яах ёстой юм бэ. Хэнд хандах ёстой юм бэ?

-Хэн нэгэнд буруу өгье гэвэл өөртөө л өгнө. Би өөрөө хангалттай хариуцлагатай байж чадсан уу, хангалттай шаардлага тавьж чадсан уу гэж хамгийн түрүүнд бодно. Нэг ойлгосон зүйл нь иргэд өөрийнх нь эрх зөрчигдөөд байна гэдгийг мэддэггүй юм байна. Мэдэх ч сөхөөгүй “тамирдчихсан” нийгэм юм байна. Гэхдээ бид үүнийг туулахаас өөр аргагүй. Ямар ч нийгэм, улс оронд ийм цаг үе тохиодог. Гэхдээ хэр их хохиролтойгоор, хэр хугацаанд давж гарсан, аль эсвэл тэндээ бүр “живэх” үү гэдэг нь чухал. Тэгэхээр хамгийн хурдан, хамгийн хохирол багатайгаар давж туулахыг л бид гол зорилгоо болгон ажиллах хэрэгтэй. Хэн хэн нь, хаана хаанаа ч тэр хариуцлагатай байя. Нөгөө талаар надад тохиолдсон зүйл өөр хэн нэгэнд бүү тохиолдоосой гэж хүсэж байна. Тиймээс эцсийг нь хүртэл явахаас өөр арга надад байхгүй.  

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.