СУРВАЛЖИЛГА: “Отгийн ахлагчдаа түүсэн самрынхаа 50 хувийг өгч, төөрвөл шөнө одоор баримжаа авдаг” гэв

СУРВАЛЖИЛГА: “Отгийн ахлагчдаа түүсэн самрынхаа 50 хувийг өгч, төөрвөл шөнө одоор баримжаа авдаг” гэв

Энэ оны гуравдугаар сараас хойш самар түүхээр Сэлэнгэ аймаг руу яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар ОБЕГ-ын алба хаагчид ЗХЖШ-ны нисдэг тэргийг ашиглан эрэн хайж эхлээд байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулж бид самарт явж буй иргэдэд тохиолдож буй бэрхшээл, тэдний аж амьдралыг уншигчдад хүргэх зорилгоор “эх сурвалжаас тодруулж” дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ОТГИЙН АХЛАГЧ САМАРТАЙ ГАЗАР ОЛЖ, АВТОМАШИНААР ХАНГАСАН ГЭЖ ТҮҮСЭН САМАРЫН 50 ХУВИЙГ АВДАГ БАЙНА-

Уншигч та олон нийтийн цахим сүлжээнд “Самарт явах баг бүрдүүлж байна” “Самарт явах хүн байна уу” гэх мэт мэр сэр заруудыг харж байсан байх. Эдгээр зарын дагуу өөрсдийн амьдрал бололцоогоо дээшлүүлж, хэдэн төгрөг олох гэсэн хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй төрөл бүрийн хүмүүс цугларч, хэдхэн хоногоос эхлээд бүр хэдэн сарын хугацаанд “самарт явах” тохиолдол гардаг байна.

Ингэхдээ нэг отог болж дахин дотроо 3-5 хүний бүрэлдэхүүнтэй бригад болж хуваагдан тус тусын хуваарилсан модоо мундаж, цохисноор самар түүж, 14 эсвэл сардаа нэг удаа ирдэг хүнсний автомашиндаа өгч суурин газар оруулж ченжүүдэд худалддаг аж.

Тэдний хувьд самрыг зөвхөн намрын улиралд болцын цагаар түүдэг гэх нь өрөөсгөл ойлголт аж. Учир нь самарчид улирал хамааралгүй явдаг ба гайгүй мөнгө олохын тулд мэдээж удаан хугацаагаар, аль болох хүмүүсийн түүж дуусан газраар биш хүний хөлөөс алс хол газарт очиж самар түүхийг эрмэлзэнэ. Нэг овог дунджаар 15-20 хүний бүрэлдэхүүнтэй явдаг ба хол, удаан хугацаагаар явж буй хүмүүст зам сайн мэддэг отгийн ахлагч гэх хүн хэрэгтэй. Тэрхүү хүнтэйгээ тохиролцон самарныхаа 50/50 хувь эсвэл 60/40 хувийг хувааж, хоол хүнс тэжээлээ наашлуулах болоод машин тэргээр хангах, самар сайтай газар зааж өгсөн хөлс нэрийдлээр ийнхүү хувааж авдаг байна. Мөн цаашлаад энэ нь бизнес болж өргөжиж самрын ченжүүд хүмүүс түрээслэн самарт явуулж, сарын цалин гэж 200-500 мянган төгрөг өгөхөөр тохиролцохын зэрэгцээ их олзтой байвал өөрөө ч түүж авч болох нөхцөлийг тавьдаг аж.

-ТӨӨРСӨН САМАРЧИД ШӨНӨ ДУНД “ОД”-ООР БАРИМЖАА АВДАГ-

Самар түүхээр явахдаа иргэд янз бүрийн ойлголтоор явсан харагддаг. Эхэндээ өдрөөр, эсвэл хэд хоногоор явж овоо хэдэн төгрөг олсноор амтанд нь орж цаашлаад удаан явбал илүү мөнгө олох боломжтой хэмээн бодсоноор өөрийн амь нас, эрүүл мэндээ золионд тавин үр хүүхэд, гэр бүлээ орхин явдаг бол өөр нэг хэсэг нь нялх хүүхдээ үүрээд явж байгаа тохиолдол ч харагдана. Тэгвэл самарчдын хамгийн хэцүү зүйл нь мэдээж “төөрч, зүг чигийн баримжаа алдагдах” юм. Үүнээс болж бусад бригадаасаа холдож, хүнс тэжээлийн хомстолд орон, тамир тэнхээ муудаж бүр цаашлаад амь насаа ч алдах эрсдэлд ордог аж.

Модон дунд төөрсөн самарчид шөнө оройдоо одоор баримжаалж явахад зарим нь орилж хашхичиж нэгнээ олдог ч тохиолдол байдаг байна.

Өнгөрсөн жил гэхэд л 21 аймгаас 20 мянга гаруй хүн самар түүхээр ууланд гарч,  арваннэгдүгээр сарын хөл хорионы үед Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2 мянга гаруй иргэн ууланд гацаж хүндхэн байдалд ороод байсан. Тэгвэл тус иргэдийг уулнаас буулгах арга хэмжээ авч, галт тэргээр Улаанбаатарт авчирч байсан тохиолдол ч байгаа.

- САМАРЧИД “ХҮНИЙ ДООР АЖИЛЛАСНААС САМАР ТҮҮХ НЬ ИЛҮҮ АШИГТАЙ” ГЭЖ ЯРЬДАГ-

Самарт явж буй дийлэнх иргэд нь амьдралын бололцоо муу гэж зүгээр суугаагүй ба хар бор төрөл бүрийн л ажил хийж үзсэн янз бүрийн л хүмүүс байдаг байна. Тэд ч “бүх хүч, хөлсөө гаргаж ажиллахад ажил олгогчид хулхитах, луйвардах, цаашлаад суутгаж авах нэрийдлээр хэдэн сар ажилласан байхад 500 ч хүрэхгүй мянган төгрөг өгдөг учраас самарт олон сар явсан нь илүү ашигтай тул явж байна” гэж ярьдаг аж.  

Жишээ нь, “өмнөх жилийн намар аравдугаар сард самар түүхээр ууланд гараад дараа онынх нь тавдугаар сард суурин газарт ирэхэд 20 сая төгрөг ч цуглуулдаг тохиолдол гарсан” эх сурвалж өгүүлсэн юм.

Харин хуульд ахуйн зориулалтаар нэг иргэнд 25 кг түүнээс бага хэмжээгээр самрыг түүж бэлтгэх зөвшөөрөл олгох боломжтой байдаг бөгөөд зөвшөөрлийг түүх орон нутгийнхаа байгаль хамгаалагчийн хяналтаас бичиг авдаг байна. Хууль бусаар самар түүсэн иргэн 300, аж ахуй нэгж 3000 нэгжээр торгуулдаг аж. Мөн ачиж тээвэрлэх, зарж борлуулахад ашигласан тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгодог байна. Энэ нь  экологи, эдийн засагт үзүүлсэн хохирлын үнэлгээг нь нөхөн төлүүлж байна гэсэн үг юм.