СУДАЛГАА: Вакцины хоёр тунг хийлгэсэн ч коронавирусийн Дельта болон бусад хувилбараар өвчлөх эрсдэлтэй

СУДАЛГАА: Вакцины хоёр тунг хийлгэсэн ч коронавирусийн Дельта болон бусад хувилбараар өвчлөх эрсдэлтэй

Халдварлах чадвар өндөр хэмээн дүгнээд буй коронавирусийн Дельта хувилбар дэлхийн 100 гаруй оронд тархаад байна. Хүн амын дархлаажуулалтаа амжилттай зохион байгуулж байсан Их Британи улсад гэхэд вакцины хоёр тунгаа хийлгэсэн ч Дельта хувилбараар өвдөж, нас барсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.

Тодруулбал, тус улсад өнгөрсөн сард гэхэд Дельта хувилбараар өвдсөн 259 хүн нас барсны 116 нь вакцины бүрэн тунгаа "авсан" иргэд байсан аж. Үүний улмаас дэлхийн олон орны иргэд вакцины бүрэн тун Дельта вирусээс хамгаалж чадах уу гэдэг асуултыг мэргэжилтнүүдэд тавьж байна.

Их Британийн эрдэмтдийн хэлж буйгаар одоогоор хэрэглээнд нэвтэрсэн ямар ч вакцин коронавирусийн халдвараас 100 хувь хамгаалж чадахгүй. Гэхдээ халдвар авсан тохиолдолд хүнд өвчлөх, нас барахаас 93 хувь хамгаалж чадна.

Үүний нэг жишээ нь дээр дурдсан Их Британи улс юм. Тус улсад коронавирусийн Дельта хувилбарын тархалт эрчимжиж буй ч нас баралтын түвшин бага хэвээр байгаа юм.

Германы тэргүүлэх вирус судлаачдын нэг Кристиан Дростен өнгөрсөн 6-р сард өгсөн ярилцлагадаа “Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд коронавирусийн шинэ төрлийн мутациар өвдөхгүй гэсэн үг биш. Вакцины хамгийн гол ач холбогдол бол халдвар авсан тохиолдолд нас барахаас, хүнд өвчилж, эмнэлэгт хэвтэхээс хамгаалах юм. Харин нас барсан тохиолдолд үхлийн шалтгаан, халдвараас шалтгаалсан эсэхийг сайтар судалж үзэх хэрэгтэй” гэжээ. Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар вакцины бүрэн тунгаа хийлгэсэн ч Дельта хувилбараар нас барсан дээрх 118 иргэний 116 нь 50-аас дээш насны болон, архаг хууч өвчтэй иргэд байжээ. 

“Helmholtz” Халдвар Судлалын Төв (HZI) -ийн эрдэмтэн Пегги Ризе үүнийг тайлбарлахдаа “Хүн амын дийлэнх хувь нь вакцин хийлгэсэн байлаа ч нас баралт тодорхой түвшинд байх үзэгдэл. Вакцин вирусийн хувилбараас таныг 100 хувь хамгаалж чадахгүй” гэжээ.  

Эх сурвалж: DW