ЧУУЛГАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танигдахын аргагүй болгож өөрчилсөн

ЧУУЛГАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танигдахын аргагүй болгож өөрчилсөн

-С.БЯМБАЦОГТ: ХАНГАЛТТАЙ ЗӨВШИЛЦСӨН- 

 УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлийн саналыг тусгах зөвшилцлийн ажлын багаас гарсан саналыг өнгөрсөн долоо хоногт ажлын багууд нэгтгэж, томьёолсноор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудлыг шийдвэрлэсэн. Тодруулбал,

Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч байх нь зөв гэж томьёолжээ. Мөн УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхтэй холбоотой 9 заалт байсан бол, Ерөнхийлөгчийн төсөлд 2 заалт байсан.

Эдгээр саналыг нэгтгээд гурван томьёолол болгож оруулахаар санал болгожээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүх талын ойлголцол, зөвшилцлөөр шийдэх ёстой гэдгийг тодотгоод, МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийг батлахдаа, ард түмнээс асууж шийднэ гэж заасан. Энэ дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар явуулах, эсэх талаар тодруулав. Мөн УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 2000 оны дордуулсан гэх долоон өөрчлөлтийг сайжруулах чиглэлд ямар санал оруулсныг асуулаа.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга С.Бямбацогт, “МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотой асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгийн дараа УИХ-аар шийднэ. Мөн дордуулсан долоон өөрчлөлтийг засахтай холбоотой санал одоо хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тодорхой тусгагдсан.

Тухайлбал, “Давхар дээлийг тайлж”, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байхыг хориглох зохицуулалт тусгасан тухай тайлбарлав. УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор хууль баталдаг байсныг өөрчилж, нийт гишүүний олонхоор шийддэг байхаар зохицуулж байгааг мөн тодотгов. Ингэснээр, УИХ чанартай хууль батлах үндсэн суурь зарчим болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн, нам улсын хэмжээнд ажиллаж, санхүү ил тод байх, улс төрийн нам байгуулахдаа сонгуулийн насны нийт иргэдийн нэг хувьтай тэнцэх хүний гарын үсэг цуглуулдаг байх өөрчлөлт оруулжээ. Дээрх саналыг Ерөнхийлөгч болон УИХ дахь АН-ын зөвлөлтэй зөвшилцсөний үр дүнд төсөлд тусгахаар болсныг дурдаад, ингэснээр улс төрийн нам хариуцлагатай, тогтвортой ажиллах ач холбогдолтой хэмээв. Харин байгалийн баялгийг ашиглахдаа, тэгш байдал, Үндэсний аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангана гэдэг өгүүлбэр нэмсэн бөгөөд байгалийн баялаг нь төрийн нийтийн өмч гэж тодорхойлохоор болсныг мэдэгдлээ. Баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд, гарах зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно гэсэн санал Байнгын хороогоор хэлэлцэгдэж байгааг мөн уламжиллаа.

ШУУД

-Т.АЮУРСАЙХАН: БИД ЕР НЬ ХЭНИЙХ НЬ ӨРГӨН БАРЬСАН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЭД БАЙГАА ЮМ БЭ-

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Ерөнхийлөгч төслөө оруулж ирснээс хойш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл төсөл биш болсон. Зөвшилцлийн ажлын хэсэг гэсэн нэртэй мундаг сүр бараатай ажлын хэсэг байгуулчхаад төслийг танигдахын аргагүй болгоод өөрчилчихлөө. Гишүүдийн итгэл үнэмшлийг авч хуулийн төсөлд гарын үсэг зуруулчхаад Д.Лүндээжанцан гишүүн хуулиа хамгаалж дуугараасай гэж хүсч байна. Байнгын хорооны хуралдаан дээр олон гишүүд хөндөгдөөгүй заалтыг хэлэлцэж болохгүй гэж хэлсээр байтал эрхэд нь халдсан байтал өнөөдөр 62 гишүүний өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй заалтуудыг оруулаад ирлээ. Бид ер нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэж байгаа юм уу эсвэл Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм уу.

62 гишүүний  төсөлд шүүхийн засаглалыг сайжруулах заалтууд байсныг нь Ерөнхийлөгч хасуулчихлаа. Хасахгүй бол төслөө татна гэсэн шигээ  Ерөнхийлөгч өөрийнхөө өргөн барьсан байгалийн баялагтай холбоотой заалтыг нь хасвал төслөө татна гэж яагаад чичрэхгүй байгаа юм" гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө