МҮОХ “түргэн” авч, Б.Баттүшиг Саид Моллайн араас очжээ

МҮОХ “түргэн” авч, Б.Баттүшиг Саид Моллайн араас очжээ

ҮЙЛ ЯВДАЛ НЭГ: Энэ сарын 19-ны өдөр /2021.08.19/ Саид Моллай хэвлэлд ярилцлага өгч “Намайг олимпийн мөнгөн медаль хүртсэн байхад Монголын Засгийн газар тоогоогүй. Дэмжлэг хэрэгтэй байна. Хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарт байр болон олон тооны бэлэг өгсөн мөртлөө надад юу ч өгөөгүй. Би гомдолтой байна. Эхнэртэйгээ уулзахаар Германд ирсэн байна” хэмээн мэдэгдсэн.

-ИНСТАГРАМ ХУУДАСТАА САИД МОЛЛАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙХДЭЭ "ГЕРМАНЫ ИРГЭНШИЛТЭЙ" БОЛОХ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭЭГҮЙ-

Түүнийг ингэж мэдэгдэх үед Засгийн газар тамирчдын хэнийг ч хүлээн авч уулзаж амжаагүй байв. Өөрөөр хэлбэл, амжилт гаргасан тамирчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал, тогтмол цалин өгөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаснаас өөрөөр албан ёсны үйл ажиллагаа хүлээн авалт, бэлэг сэлт болоогүй байлаа. Харин нутгийн зөвлөл болон албан байгууллага, ахуй нэгжүүд Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарыг шагнасан.

Гэтэл Олимпийн хороо, Үндэсний биеийн тамир спортын хорооноос дээрх үйл явдлын ялгаа, заагийг Саид Моллайд тайлбарлаж мэдээлээгүйн улмаас тэрбээр буруугаар ойлгож аль хэдийн Герман явсан байв.

ҮЙЛ ЯВДАЛ ХОЁР: Саид Моллайн мэдэгдлийн дараа түүнийг Германы иргэн болж магадгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд хөвөрсөн. Тодруулбал, Сайд Моллай нь Монгол улсын иргэншилтэй болох хүсэлт гаргахаасаа өмнө Герман /ХБНГУ/ улсын иргэншилтэй болох асуудлаар судалгаа хийж байсан. Харин Герман улсын хувьд дүрвэгчдийг хүлээн авах олон улсын конвенцид нэгдсэн ч иргэншил хүссэн хүсэлтийг урт хугацаанд, нухацтай судалдаг бөгөөд 2019 онд Саид Моллайг хүлээн авч амьдаруулсан шалтгаантай.

Тиймээс Саид Моллай олимпийн наадамд оролцохын тулд иргэншлийн асуудлаа яаравчилж Монгол улсын иргэншилтэй болох хүсэлт гаргасан гэсэн юм. Уг мэдээллийн дараа тэрбээр инстаграм хуудастаа мэдээлэл өгөхдөө "Германы иргэншилтэй болно" гэсэн мэдээллийг үгүйсгэхгүй гэж байв.

ҮЙЛ ЯВДАЛ ГУРАВ: Өнгөрсөн лхагва гаригт /2021.08.25 / Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар “Токио 2020” олимпийн наадамд амжилт гаргасан тамирчидтай уулзан баяр хүргэх хуваарьтай байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Учир шалтгаан Саид Моллай эзгүйн дээр хийсэн мэдэгдэлтэй нь холбоотой гэж бид харж байгаа.

ҮЙЛ ЯВДАЛ ДӨРӨВ: Саид Моллайн мэдэгдэл, уулзалтаа хойшлуулсан Засгийн газрын шийдвэр, Германы иргэншил тойрсон мэдээлэл Олимпийн хорооныхныг сандаргаж дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг Герман явахад хүргэжээ гэж ойлгогдож байна. Учир нь дээрх бүх үйл явдлын дараа Засгийн газар, Олимпийн хорооны түвшинд уулзалт, яриа хийгдэж Саид Моллай нь асуудлыг огт, төсөөлж төлөвлөж байгаагүй нөхцөл байдал руу оруулсныг одоо орхиод хүлээн авалт хийж бэлэг өгөх нь олон нийтийн зүгээс ирэх шүүмжлэлийг ихэсгэх талтайг тиймээс хамгийн зөв гарц өөрсдөө араас явж ойлголцох гэжээ.

-ИРГЭНШИЛ СОЛИХ БОЛОН БУСАД АСУУДЛААР САИД МОЛЛАЙГ ЯТГАСАН УУ-

ДҮГНЭЛТ: Олимпийн хороо болон биеийн тамир спортын хорооныхон эхнээсээ Саид Моллайд цаг үеийн мэдээллийг өгч байгаагүйн үүднээс асуудлыг энд нь хүртэл хүндрүүлсэн. Тиймээс Б.Баттүшиг дэд ерөнхийлөгч нь түргэн авч өнгөрсөн Пүрэв гариг /2021.08.26/-т Монголын үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн хурлаа хийчихээд Герман явжээ.

Тэрбээр Саид Моллайтай уулзсан гэх аятайхан шалтагтай байхын тулд уг пүрэв гаригт олимпт амжилт гаргасан бусад тамирчдыг хүлээн авч уулзан МҮОХ-ны дээд “Алтан од” шагналыг гардуулан өгсөн. Үүнийг гардуулж өгөх нэрээр Саид Моллайтай уулзахаар Герман явсан гэх нэртэй ч хачир дээрээ ятгасан, гуйсан, уучлалт гуйсан уулзалт болсон байх магадлалтай байна.