ТОДРУУЛГА: Баавгайн халдлагад өртсөн иргэний биеийн байдал тогтворжсон бөгөөд үргэлжлүүлэн эмчлүүлж байна

ТОДРУУЛГА: Баавгайн халдлагад өртсөн иргэний биеийн байдал тогтворжсон бөгөөд үргэлжлүүлэн эмчлүүлж байна

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү энэ сарын 7-8-нд шилжих шөнийн 01.00 цаг орчимд баавгай дайрч, улмаар 40 насны эрэгтэй хүний аминд хүрч, 55 настай эмэгтэйг хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. 

Баавгайд хазуулж, хүнд гэмтэл авсан иргэн энэ сарын 08-ны шөнө ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж авч, толгойн арьсны том хэмжээний хуулагдсан шархны анхны цэгцэлгээ, эмчилгээ хийх мэс заслыг хийснээр биеийн байдлыг тогтворжуулсан байдаг.

Улмаар нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээний дагуу төвийн Толгойн мэс заслын тасагт шилжүүлэн, 14:00 цагийн үед мэс засал эмчилгээнд оруулсан аж. Уг мэс засал эмчилгээгээр гавлын ясны цөмөрсөн хугарлыг авч, тархи даралтыг чөлөөлөх, толгойн арьсны том хэмжээний шарханд хоёрдогч цэгцэлгээ хийсэн байна.

Тэгвэл ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж авч буй иргэний биеийн байдал тогтворжжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Өвчтөний биеийн байдал тогтворжсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж, биеийн байдлыг улам сайжруулахын төлөө анхаарч ажиллаж байна" гэлээ.