"Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн" хуушуур, шорлогны утаа, түрээсийн ТҮЦ-үүдэд дарагдах вий

"Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн" хуушуур, шорлогны утаа, түрээсийн ТҮЦ-үүдэд дарагдах вий

Улаанбаатар хот дундаа л олон улсын "ногоон" стандартыг хангаж, олон нийтийн талархлыг хүлээгээд буй Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрийн 10.2 га талбай буюу "Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн" (Рио парк)-ийн менежмент хотын захиргаанд шилжээд буй.

Харин өндөр төсөв, олон улсын "Green Flag Award" стандарт, зөв төлөвлөлтөөр боссон энэхүү цэцэрлэгт хүрээлэн цаашид Улаанбаатарын бусад паркуудын адилаар "хуушуурын асрууд", "шорлогны утаа", "түргэн хоолны ТҮЦ"-үүдэд дарагдаад дуусах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд үүсээд байгаа юм.

Энэхүү 10.2 га талбай бүхий паркийг анхнаасаа барууны өндөр хөгжилтэй орнуудын жишгээр, худалдаа үйлчилгээнээс ангид байхаар төлөвлөсөн билээ. Гэвч менежмент төрийн мэдэлд очих үеэс эхлэн Улаанбаатарын бусад чөлөөт бүсүүдийн адилаар "ашиг олох талбай", "түрээсийн ТҮЦ" ажиллуулах санаархлууд араас нь дагалдаж, анхны "амралтын бүс" гэх үзэл баримтлалаа алддаг гашуун туршлага бидэнд олон бий.  

Тийм ч учраас сошиал орчинд иргэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг араараа дүүрэн хуушуур, шорлогны утаа, түрээсийн машин, скүүтерт дарагдах вий дээ”, “Менежмент нь солигдонгуут л ТҮЦ-үүд шавчихдаг Улаанбаатарын уламжлалт синдром битгий тусаасай” хэмээн байр сууриа илэрхийлж, байна. Мөн хотын удирдлагуудад энэ паркийг орлогын эх үүсвэр гэж харалгүйгээр, "хотын соёл, иргэдийн эрүүл мэнд" гэсэн анхны зорилгыг нь яг хэвээр хадгалж үлдэх ёстойг иргэд сануулсаар байгаа юм.