Афганистан дахь Талибаны зэвсэгт хөдөлгөөнийхөн цагдаагийн офицер эмэгтэйг буудан хөнөөсөн талаар гэрчүүд мэдээлжээ. Амиа алдсан Бану Негар хэмээх эмэгтэй жирэмсэн байсан бөгөөд түүнийг Гор мужийн төв орчимд нөхөр хүүхдүүдийнх нь нүдэн дээр буудсан байна.
Харин Талинбанчууд түүний үхэлтэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгдээд байна. Энэ талаар тус хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахед “Бид юу болсон талаар мэдэж байна. Талибанчууд түүнийг хөнөөгөөгүй гэдгийг баталж байна. Одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Талибанчууд өмнөх засаг захиргаанд ажиллаж байсан хүмүүст өршөөл үзүүлэхээ амласан. Негарын аллагыг хувийн дайсагналаас үүдэлтэй гэж таамаглаж байна гэжээ.
Гэсэн ч эх сурвалжуудын өгч буй мэдээлэл тэднийхээс зөрж байгаа юм. Тодруулбал хэд хэдэн гэрч “Талибанчууд Негарийг нөхөр хүүхдүүдийнх нь нүдэн дээр хэрцгийгээр зодож, дараа нь буудсан” гэжээ.
Наймдугаар сарын 15-нд засгийн эрхэнд гарснаасаа хойш Талибанчууд өөрсдийгөө энх тайван замаар засаглана хэмээн дэлхий нийтэд зарлаж буй ч энэ мэт харгис хэргүүд гарсаар байна.
Эх сурвалж: BBC