ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Монгол угсааны хүн гэж зарим иргэн үздэг. Тэр битгий хэл түүний талаар “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг хийгдэх гэж байсан гэх албан бус мэдээлэл бий.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр С.К.Шойгу бол "Монгол угсааны хүн биш" хэмээн твиттер хуудастаа жиргэлээ. Тэрбээр, “Шойгу Монгол биш. Түрэг угсааны тува. Хэд уулзаж байв. Захиргааны сайн удирдагч учраас 90-д оноос хойш ОХУ-ын Онцгой байдал, Батлан хамгаалах зэрэг цэрэгжсэн яамдын сайд хийсээр ирэв. Тэглээ гээд Сүбэдэй жанжны үр удам, хойд дүр гэх мэт болчихгүй. Хичнээн сайн байлаа ч түүх бол түүх” хэмээжээ.
Шойгу монгол биш. Түрэг угсааны тува. Хэд уулзаж байв. Захиргааны сайн удирдагч учраас 90-д оноос хойш ОХУ-ын Онцгой байдал, Батлан хамгаалах зэрэг цэрэгжсэн яамдын сайд хийсээр ирэв. Тэглээ гээд Сүбэдэй жанжны үр удам, хойд дүр гм болчихгүй. Хичнээн сайн байлаа ч түүх бол түүх https://t.co/qM4pIHBhwx
— S.Bayar (@SBayar12) September 7, 2021
Сонирхуулахад, 2017 оны долдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг гаргаж “монгол туургатан түмний төлөөлөл” хэмээн БНХАУ-ын иргэн, дуучин н.Тэнгэр, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нарын зургаан иргэнийг Алтангадас одонгоор шагнасан байдаг.
Харин С.К.Шойгугийн хувьд “гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг” гэж мэдэгдэж байв. Ингээд тэрээр тус шагналаас татгалзсан гэх албан бус мэдээлэл байдаг.
Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, түүнийг 2018 онд манай улсад айлчлах үеэр нь шагнаж байв. Товчхондоо, тэрээр Ц.Элбэгдоржийн шагналаас татгалзаж, харин Х.Баттулгын өгсөн шагналыг авсан гэсэн үг юм.