ВИДЕО: Хавдрын эмнэлгээс харамлаж Ё.Баатарбилэг сайд байхдаа эхлүүлсэн “Архангайн оюутны дотуур байр” ашиглалтад оржээ

ВИДЕО: Хавдрын эмнэлгээс харамлаж Ё.Баатарбилэг сайд байхдаа эхлүүлсэн “Архангайн оюутны дотуур байр” ашиглалтад оржээ

Одоогоос хоёр жилийн өмнө Монголдоо ганц Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн эмнэлгийн барилгыг өргөтгөж, үйл ажиллагааг нь сайжруулахад шаардлагатай 19,8 тэрбум төгрөгийг тус эмнэлгийн захирал болон хамт олон нь улсын төсөвт суулгахыг гуйсан ч хасаж орхисон удаатай.

Тэгвэл Хавдрын эмнэлгээс харамласан мөнгөөр Архангайн найман сумын оюутнуудад дотуур байр барьж өгөх үү гэдэг асуудал яригдаж иргэдийн шүүмжлэлд өртөж байв.

ВИДЕО ҮЗЭХ: 

Тэгвэл Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ё.Баатарбилэгийн Боловсрол соёл шинжлэх ухаан спорт /БСШУС/-ын сайдаар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгөөр өөрийн нутгийн “оюутнууддаа барьж өгсөн дотуур байр” энэ жилээс ашиглалтад орж Архангайн гаралтай оюутнуудыг хүлээн авахад бэлэн болжээ. Энэ талаар бид сурвалжлахаар тус дотуур байрыг зорьж холбогдох хүмүүстээ уулзаж ярилцсан юм.

Тус дотуур байрны дотоод орчин

-НИЙСЛЭЛД АНХ УДАА ОЮУТНУУДЫГ ХАРЬЯА АЙМГААР НЬ ЯЛГАВАРЛАН ХҮЛЭЭН АВДАГ ДОТУУР БАЙР БИЙ БОЛОВ УУ-

Биднийг тус газрыг зориход гурван давхар, орчин үеийн загвар бүхий цэвэрхэн саарал өнгийн барилга угтсан юм. Ажилчид гэх гурван хүн байсан бөгөөд бид удирдах хүмүүстэй орж уулзан, мэдээлэл авлаа. Тухайлбал, өрөөний сонголтын хувьд 54-64 метр квадрат /ми.кв/ талбайтай хоёр өрөөний сонголттой бөгөөд 54 м.кв-д зургаан оюутан, 64 м.кв-д найман оюутан байхаар зохицуулагдсан ба өрөө бүр дотроо гал тогооны хэсэг, нойл, душь нь шийдэгдсэн маш том саруулхан талбайтай орчин угтсан юм.

Мөн тус дотуур байр нь Архангайн аймгаас ирж суралцах 300 оюутны багтаамжтай гэх бөгөөд нэг оюутан сарын 100 мянган төгрөгийн төлбөртэй аж.

Мөн холбогдох хүний мэдээлж буйгаар аймгууд дундаасаа анх удаа Архангай аймаг Улаанбаатар хотод өөрийн гэсэн “Оюутны байр”-тай болж байгаа бөгөөд хянагч байгууллагаар Архангай аймгийн ГХБХБГазар ажилласан. Энэхүү дотуур байр нь 24 цагийн харуул хамгаалалттай, өрөөнөөс бусад хэсгүүдэд камержуулалт сайтай мөн одоогоор Архангай аймгийн оюутнууд хөдөө орон нутгаас цар тахалтай холбогдуулан ирж бүртгүүлж байгаа хүн цөөхөн байна гэсэн юм.

Тэгвэл цахим сүлжээнд тус дотуур байрны тухай сайнтай ч муутай ч мэдээлэл ихээхэн явах бөгөөд зарим нэг нь “Аймаг, аймгаар оюутнуудыг ангилан байр барьж өгөхийн оронд нэгдсэн том дотуур байр барьж өгөх хэрэгтэй” гэж байсан бөгөөд энэхүү мэдээлэл нь цахим сүлжээнд ихээхэн түгсний дараа нэг гишүүний хүсэлтээр биш олон гишүүдийн хүсэлтээр гэх мэдээллийг цацаж,  “УИХ-ын гишүүдийн санаачилгаар барьсан” гэж тодотгож өгч байгаа нь хүмүүсийн хэл амны байгаас ихээхэн холдох гэсэн хүсэлтэй байгааг илтгэж буй мэт.

Архангай аймгийн оюутнуудын дотуур байрны гаднах

-Ё.БААТАРБИЛЭГ САЙД БАЙХДАА АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ “АРХАНГАЙН ОЮУТНУУДАД ДОТУУР БАЙР” БАРИУЛСАН УУ-

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдаар ажиллаж байхдаа өөрийн багцад Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын Улаанбаатарт хот дахь оюутнуудын дотуур байрын барилгыг Хан-Уул дүүрэгт барихад шаардлагатай 9 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байжээ. Улмаар 2019 онд Архангайн оюутны дотуур байрны суурийг тавьж, 2020 онд бүрэн дуусган ашиглалтад оруулна гэсэн ч коронвирусийн улмаас барилгын ажил хойшилж энэ жил албан ёсоор нээгдэж буй нь энэ аж.

Тус барилгын гүйцэтгэгч компаниар “Баянгийн эх” ХХК ажилласан бөгөөд сангийн яамнаас гэрээний дүнд 6 тэрбум төгрөг, төсөвт өртөгт 3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ч мөн оролцон санаачилсан гэсэн юм. Тэгвэл Архангайн аймгийн оюутны дотуур байр ирэх Даваа гараг буюу есдүгээр сарын 13-наас оюутнуудаа хүлээн авахаар төлөвлөөд байгаа аж. Бүртгүүлэх хүсэлтэй Архангай аймгийн бүхий л оюутнуудад нээлттэй гэж тодотгосон юм.

Тодруулбал, “оюутны дотуур байрнууд 1-3 дугаар курсын оюутнуудыг л хүлээн авдаг харин манайх Архангайн л гэвэл хэд дүгээр курс ч хамаагүй гэсэн зарчмаар явж байгаа” гэв.

Одоогоор гурван жижүүр, хоёр менежер, нэг удирдах алба гэсэн зургаан хүн тус дотуур байрыг хариуцах бөгөөд оюутнуудын төлбөрөөр л цалинжина, бидэнд ямар нэг улсаас, төрөөс гэх зүйл байхгүй” гэж байв.

Дотуур байрны гурван давхар

-УДАХГҮЙ НУТАГ НУТГИЙНХАНДАА ЗОРИУЛЖ НИЙСЛЭЛД
СУРГУУЛЬ БАРИХ УУ-

Мөн энэ асуудал дээр орон нутгийн оюутнуудыг нийслэлд төвлөрүүлэх биш орон нутагт нь ажиллуулах ажлыг санаачилж хэрэгжүүлэх ёстой атал нийслэлд төвлөрсөн байр нээж өгч байгаа нь яг ямар учиртай вэ гэх хардлага явж байгаа юм. Энэ нь удахгүй нутаг нутгийнхан болон аймаг аймгийнхандаа зориулж нийслэлд сургууль барьж, мөн тэр аймгийнхан л суралцана гэсэн цензур тогтоох хэрэг үү гэх хардлагыг ч үүсгэж байна.

ФОТО ҮЗЭХ: