ЭХ СУРВАЛЖ:  МҮБХ-оос хэвлэлд хандахгүй, зодуулсан гэх гомдлоо татвал ДАШТ-нд явуулъя гэх саналыг Э.Цэндбаатарт тавьсан уу

ЭХ СУРВАЛЖ: МҮБХ-оос хэвлэлд хандахгүй, зодуулсан гэх гомдлоо татвал ДАШТ-нд явуулъя гэх саналыг Э.Цэндбаатарт тавьсан уу

Монголын боксын холбооны удирдах зөвлөл энэ сарын 08-ны өдөр /2021.09.08/ хуралдаж ОУХМ, МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасч, ирэх аравдугаар сард Болгарын Белград хотод зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан юм.

Учир нь Э.Цэндбаатар нь ёс зүйн доголдол гаргаж хууль бус үйлдэлд хэдэнтээ нэр холбогдсон учир хариуцлага тооцож ийнхүү хасч байна хэмээн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдсэн. 

Тодруулбал, энэ сарын 05-ны өдөр /2021.09.05/ Монголын боксын холбооны бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Уг хурлын дараа Э.Цэндбаатар хэсэг залуусын хамт пабад архидаж улмаар зодуулсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй юм. Энэхүү зодоонд нэр холбогдсон нь түүнийг үндэсний шигшээ багаас хасахад ихээхэн нөлөөлсөн гэж тус холбооны удирдах зөвлөлөөс мэдэгдсэн.

Харин Э.Цэндбаатар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, гомдолтой байна гэсэн байр, суурийг илэрхийлсэн. Цаашлаад Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон дасгалжуулагч, тамирчдын ёс бус үйлдлийг дэлгэж хэвлэлийн бага хурал хийх болно гэж хэлсэн юм. Хэлснийхээ дагуу хэрэг гардаг өдрийн бичлэг, зураг баримтыг NTV телевизид өгч олон нийтэд цацуулсан ба сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцон болсон үйл явдлыг ярьсан билээ.

Тэгвэл уг нэвтрүүлэгт орсны дараа Монголын үндэсний боксын холбооноос Э.Цэндбаатартай холбогдож “Хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн байна. Түүнийг цуцалбал дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь оролцуулъя” гэсэн саналыг тавьсан гэж ойрын эх сурвалж нь мэдэгдэв.

Гэтэл асуудал нэгэнтээ оройтож бичлэг, ярилцлага цацагдсан учир МҮБХ-оос Э.Цэндбаатартай дахин тохирч “Цагдаад өгсөн гомдлоо татчих, холбооноос уучлалт гуйж мэдэгдэл хий. Тэгвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чинь явуулах асуудлыг дахин ярилцъя” гэж хэлсэн гэх мэдээлэл байна. Өчигдөр /2021.09.13/ Э.Цэндбаатарын автомашин дотроос хийсэн мэдэгдэл болон өөрийн цахим хуудаснаа оруулсан “Аравдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ орох хүсэл байна. Надад нэг боломж олгооч” гэсэн мэдэгдсэн нь ч үүнтэй холбоотой байж магадгүй аж.

Тэгэхээр Хууль зүй дотоод хэргийн сайд, МҮБХ-ны ерөнхийлөгч Х.Нямбаатар болон холбооны удирдлагууд Э.Цэндбаатараар мэдэгдэл хийлгэж, асуудлыг намжаасны дараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь явуулах гэж байна уу гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл, тэд уг тэмцээнээр тохиролцох санал тавьсан байж болзошгүй аж. 

МЭДЭГДЭЛ ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө