Сурагчийнхаа үсийг тайрсан багшаас 1 сая ам.доллар нэхэмжилжээ

Сурагчийнхаа үсийг тайрсан багшаас 1 сая ам.доллар нэхэмжилжээ

Эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр хүүхдийнх нь үсийг тайрсан багш болон сургуулийн удирдлагуудаас нэг сая ам.долларыг нэхэмжилжээ. Тодруулбал, АНУ-ын Мичиган мужийн Ганиард хэмээх сургуулийн багш долоон настай сурагчийнхаа үсийг тайрсан байна.

Охины аав “Ассошиэйтед Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Нэг өдөр охин минь сургуулиасаа иртэл нэг талын үсийг тэр чигээр нь хайчилчихсан байсан. Тухайн үед юу болсныг асуутал ангийнх нь хүүхэд хайчилчихсан гэсэн. Гэтэл маргааш нь нөгөө талыг нь бас л тайрчихсан байдалтай ирсэн. Охин маань “багш үсийг минь тэгш болгохын тулд нөгөө талыг нь ижил болгож хайчилсан” гэж хэлсэн. Охин маань холимог гаралтай учраас үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөрчүүлж байна” гэжээ. Мөн тэрбээр охиноо сургуулиас нь гаргасан байна.

Тухайн үед охины эцэг, эх сургуульд гомдол гаргасан боловч "арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үзэл биш” гэж дүгнэн багшид нь хариуцлага тооцолгүй өнгөрчээ. Тиймээс тэд шүүхэд хандсан аж. Одоогоор шүүгдэгчид албан ёсны хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: BBC