Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл аймагт төв цэвэрлэх байгууламж ашиглалтад оржээ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл аймагт төв цэвэрлэх байгууламж ашиглалтад оржээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хоногт 3000 метр.куб ус цэвэрлэх хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламж ашиглалтад оржээ. Энэ нь тус аймгийн ирээдүйд маш том боломж олгож байгаа бөгөөд Мөрөн сум нь хотын статустай болох зорилго нэг алхмаар урагшилна гэжээ.Мөн Мөрөн сумын гэр хорооллууд инженерийн шугам сүлжээнд холбогдож хашаандаа орон сууцнаас дутуугүй тав тухтай амьдрах таатай орчин бүрдэх аж.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудаснаа, “Мөрөн сум зүүн тийшээ тэлж, хаус хороолол, орон сууцны хорооллууд шинээр баригдах гээд олон боломжууд бий болно. Мөрөндөө сайхан амьдарцгаая хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнд хүрэх нөхцал боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна.

Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд энэхүү цэвэрлэх байгууламж үр нөлөөгөө үзүүлнэ ээ гэж бодож байгаа. Мөрөн сумын бохирын шугамуудыг үе шаттай шинэчилж төв цэвэрлэх байгууламжтайгаа холбох, усны эх үүсвэрийн олон жилийн нөөцийг оновчтой шийдэх зэрэг олон ажил бидэнд үлдэж байна.

Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа АХБ-ны хөрөнгө оруулалтын төслүүд 2013 он хүртэл судалгааны ажлуудаа хийж, 2014 оноос тус банкны 39.0 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар батлагдсан хөтөлбөрүүдийг аялал, жуулчлал, дэд бүтэц, иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж эхэлсэн. АХБ-ны төсвийн талыг УИХ-ын чуулганаар өөр аймгуудад хуваарилсан ч Хөвсгөлд чиглэсэн төслүүд маш үр дүнтэй хэрэгжиж ирсэнд хувьдаа маш баяртай явдаг.

Цаашид ч Мөрөн сумынхаа өнгө үзэмжийг нэмсэн орчин үеийн стандарт бүхий томоохон төслийн саналыг хүргүүлж АХБ-тай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулсанд Мөрөн сумынхаа иргэдийн өмнөөс  талархал илэрхийлье” гэсэн байна.