УИХ-ын дарга Г.Занданшатар “Apple park”-ийн үйл ажиллагаатай танилцжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Apple park”-ийн үйл ажиллагаатай танилцжээ

Энэ есдүгээр сарын 17 /2021.09.17/-ны өдрөөс АНУ-д УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын айлчлалт хийж байгаа бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд “Apple” компанийн “Apple Park”-д зочилжээ.

Энэхүү парк нь 2018 онд ашиглалтад орж байсан бөгөөд тус компанийн гол цөм аж. Маш нарийн нууцлалын хүрээнд нийт офиссын 12 мянган ажилчид энэхүү паркад ажилладаг бөгөөд тус паркад зөвхөн тусгай эрх бүхий ажилчид болон өндөр төвшний зочдыг л хүлээж авдаг тул манай улсын их хурлын дарга Г.Занданшатар зочилж үйл ажиллагаатай танилцсан байна.

Энэхүү уулзалтаар, "Apple Inc" компани Монгол Улсын Засгийн газар, ТББ-уудтай хамтран Монгол Улсад Ковид-19 вирусийн тархалтыг хянах технологийн чухал төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн менежерээр ноён Ранди Марсден амжилттай ажиллаж байгаад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлсэн төдийгүй төслийн дэмжлэгтэйгээр Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, иргэдийн дунд “ERSDEL” программыг нэвтрүүлэн ашиглаж байгаа юм.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурал, Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг олон чухал арга хэмжээ авч, парламентаас хууль баталж, Засгийн газраас тусгай хөтөлбөр гарган ажиллаж буйг дурдаад, “Apple Inc” зэрэг дэлхийн түвшний технологийн компаниудтай хамтран ажиллах аливаа санаачилгыг парламентаас бүрэн дэмжих болно гэлээ.

Монгол Улс хүүхэд залуустаа дэлхийн түвшний боловсрол олгоход онцгойлон анхаарч, мэдээллийн технологи, компьютер, кодчилол, программчлалын чиглэлээр сайн мэргэжилтэнтэй болохыг зорилгоо болгож байна. Тиймээс энэ чиглэлээр “Apple Inc” компанитай хамтран ажиллах сонирхолтой байна. Одоогоор “Apple Park”-д нэг монгол инженер ажиллаж байгаа.

Цаашид бид янз бүрийн төслүүдээр дамжуулан “Apple Inc” болон Монгол Улс хооронд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна.  Монгол бол зэс, газрын ховор элемент, лити зэрэг байгалийн баялаг ихтэй орон.  Тиймээс “Apple Inc” болон түүний нийлүүлэлтийн сүлжээний түншүүдтэй олборлох үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломж бий. Түүнчлэн боломжит хамтын ажиллагааны өөр нэг чиглэл бол уур амьсгалын өөрчлөлтийн салбар юм.  Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй. Өөрчлөлтийг бууруулахтай холбоотой төслийг “Apple Inc”-тэй хамтран боловсруулах, хэрэгжүүлэх сонирхолтой байна гэлээ.

ВИДЕО: