Даргын талаар бичихдээ зөвшөөрөл авдаг, Архиар бусдыг шахах, шагнахыг хориглосон хуулиудыг УИХ-аар хэлэлцэнэ

Даргын талаар бичихдээ зөвшөөрөл авдаг, Архиар бусдыг шахах, шагнахыг хориглосон хуулиудыг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган маргааш буюу аравдугаар сарын 01-ны өдөр эхлэх гэж байна. Энэ удаагийн намрын чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан байгаа юм.

Тухайлбал, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 24 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр Г.Занданшатар дарга захирамж гаргасан байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилна гэж мэдэгдсэн, “Шүгэл үлээгчийн тухай хууль”-ийн төсөл тус дараалал байхгүй байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар дарах захирамжийг гаргажээ

-"ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ" БАТЛАГДВАЛ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТАЛААР ИРГЭД БИЧИХДЭЭ ТЭДНЭЭС “ЗӨВШӨӨРӨЛ” АВДАГ БОЛОХ УУ-

Харин эдгээр хуулийн төслүүдээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн бариад буй “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл”-д Үндсэн хуулийн 16.16-д заасан, “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэсэн заалтыг зөрчиж, УИХ, Засгийн газрын гишүүд гээд олны анхааралд байдаг дарга нарт зориулсан байж болзошгүй зарим заалт байгаа юм.  

Тодруулбал, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн 29.2-д “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно” гэж тусгажээ.

Хувьд хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн 29.2-д

Харин хуулийн төслийн 4.1.6 -д “мэдээллийн эзэн” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүн … ” хэлнэ гэсэн байгаа юм. Улмаар 4.1.1-д “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг” хэлнэ гэжээ.

Товчхондоо, тус хуулийн төсөл батлагдсан тохиолдолд иргэд УИХ, Засгийн газрын гишүүн зэрэг албан тушаалтнуудын талаар сошиал хаягтаа бичихдээ, тэднээс заавал “зөвшөөрөл” авдаг болох нь гэж ойлгогдож байгаа юм.

Цаашлаад, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасан зохицуулалт нь сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан байгаа юм. Иймд хэвлэлийн мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээнд иргэд хувийн зүгээс сэтгэгдэл бичиж, тодорхойлоод тус мэдээллийг бусадтай хуваалцаж, share хийхийг хориглох байдал ч хуулийн төслөөс харагдаж байгаа юм.

Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-СОГТУУРУУЛАХ УНДААГААР 14:00-04:00 ЦАГИЙН ХУГАЦААНД ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАЙГУУЛЛАГА ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭНД УНДНЫ УСЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ-

УИХ-ын намрын чуулганаар “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл” хэлэлцэгдэх юм. Учир нь тус хууль батлагдвал, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдахыг хориглох, мөн түүхэн хүний нэрээр архи, согтууруулах ундааг нэрлэхийг хориглох, согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон өдөртэй болж байгаа юм.

Тодруулбал, хуулийн төслийн;

  • 23.1.1-д хорин нэгэн нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
  • 32.1.2-д төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
  • 24.1-д сар бүрийн эхний өдөр, “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр /11 дүгээр сарын 26/, “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр /12 дугаар сарын 29/, Ерөнхийлөгчийн, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр” согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглоно гэж заажээ.

Харин хуулийн төслийн 17.2-д Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:

Үүнд:

  • 17.2.1-д 11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;
  • 17.2.2-д 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.

гэж заажээ.

Мөн хуулийн төсөлд, согтууруулах ундааг автомашин дотор хэрэглэх, согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэх зөвшөөрөлтэй байгууллагууд үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилдэг болох.Улмаар согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй байгууллагын ажилтан иргэний баримт бичгийг шалгах эрхтэй болох зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Тодруулбал, хуулийн төслийн;

  • 22.1.3.нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр, нийтийн гудамж, талбайд байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
  • 26.4.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 17.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
  • 28.1-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажилтан нь үйлчлүүлэгчийн баримт бичгийг шалгах эрхтэй” гэж заажээ.

Цаашлаад согтууруулах ундааг үйлдвэрийн лонх, савлагаатай нь  худалдах, согтууруулах ундаагаар бусдыг шахах, шагнаж урамшуулах зэргийг хориглох зохицуулалтыг ч уулийн төсөлд оруулсан байна.

Тодруулбал, хуулийн төслийн;

  • 26.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг үйлдвэрийн лонх, савлагаатай нь худалдаж үйлчлэхийг хориглоно.
  • 30.2.Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.
  • 32.1.7.согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам зохион байгуулах

гэж заажээ.

Хуулийн төслийн ЭНД ДАРЖ үзнэ үү.