Хуваарийн дагуу өнөөдөр /2021.10.04/ УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэнэ. МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож 2022 төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
-ХУРГАН ДАРГААР ГАЛ ТАХИАД ӨНГӨРӨХ ҮҮ-
Мөн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээс дүгнэвэл өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр долоо хоногийн өмнө иргэдийн бухимдлыг төрүүлсэн шатахууны хомстлын асуудлыг хэлэлцэж хэнд хариуцлага тооцохыг тодорхой болгох аж.
Өнгөрсөн сарын 22-ны өдрийн /2021.09.22/Засгийн газрын хуралдааны хуралдааны дараа Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийх үеэрээ “Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хариуцлага тооцох үүрэг өгсөн. Хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг манай яам дотроо ярьж шийдээд буруутай гэж үзэж байгаа албан тушаалтандаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд даалгасан” гэж мэдэгдсэн.
Тэдний мэдэгдлээс үзвэл МАН-ынхан хэн нэгэнд хариуцлага тооцсон болоод иргэдийг долоо хоногийн туршид хүндрүүлсэн хэргээс мултрах нь. Харин галыг өөр дээрээ аваад буруутан болох хүн хэн байх вэ. Холбогдох хүнд хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд өгсөн нь тодорхой байна.
Харин Г.Ёндон нь хэнийг буруутгаж, нэрийг нь бүлгийн хуралдаанд оруулж ирэх вэ. Яамныхаа Газрын тосны бодлогын газрын даргаа юу эсвэл Ашигт малтмал газрын тосны газраас аль нэг албан тушаалтанд хариуцлага тооцох уу. Аль нь ч байсан Г.Ёндон сайдын эрх мэдлийнх учир дураар шийдвэрлэх асуудал.
Угтаа бол шатахууны нөөцөө нэгэнт барчихсан мөртлөө “Хомстол огт үүсээгүй. 28 хоногийн нөөцтэй” гэж Ц.Эрдэнэбаяраар хэлүүлж иргэдийн ТЭВЧЭЭРИЙН УТСЫГ тасрах хүртэл гүрийж байсан Г.Ёндон сайд, Засгийн газар ч үүнд буруутай.
Бүхэл бүтэн улс атлаа иргэдээ гудамжинд “гаргасан” энэхүү үйлдэл нь Засгийн газрын хайхрамжгүй, менежментгүй ажилласны гор. Гэтэл өнөөдөр хэн нэгэн хурган даргаар гал тахиад өнгөрч болохгүй. Сөрөг хүчин үүнд хариуцлага тооцохыг шаардахад агентлагийн, газрын, албаны даргатайгаа хариуцлага тооцно гэж ярихын оронд бодит үнэнээ хэлээд салбар хариуцсан сайддаа арга хэмжээ авбал илүү хариуцлагатай харагдана.
Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, үлдсэн 5 орчим хувийг БНХАУ-аас авдаг. Гэтэл Роснефть компани аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо мэдэгдсэн. Мөн БНХАУ-ын талаас захиалсан шатахуунаа тээвэрлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнийгээ ч эрт мэдэгдсэн. Гэтэл Засгийн газар БНХАУ-аас авах шатахууныг яаралтай татаж авах асуудлыг эртхэн хэлэлцэхгүй цаг алдсан нь үнэн билээ. Ямартай ч МАН-ынхан шатахуун хомстож иргэдийг хүндрүүлсэн асуудлаар нэг хурган даргатай хариуцлага тооцоод өнгөрөх нь.