БНСУ-аас манайд суугаа ЭСЯ-ны ажилтнууд "хувийн хүсэлт"-ээр олон тооны виз олгосныг Тагнуулын байгууллага нь тогтоожээ

БНСУ-аас манайд суугаа ЭСЯ-ны ажилтнууд "хувийн хүсэлт"-ээр олон тооны виз олгосныг Тагнуулын байгууллага нь тогтоожээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд хувийн хүсэлт бүхий олон тооны виз олгосон талаар тус улсын хэвлэлд онцолжээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.  

-ХУВИЙН ХҮСЭЛТЭЭР ВИЗ ОЛГОДОГ АСУУДЛЫГ НАРИЙВЧЛАН ШАЛГАХ ЁСТОЙ ГЭВ-

“Элчин сайдууд, Үндэсний тагнуулын албанд илгээсэн офицерууд, дотоодын төлөөлөгчийн газрын доод албан тушаалтнууд зэрэг гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын ёс суртахууны асуудал ноцтой түвшинд хүрсэн гэж ярьдаг. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд хувийн хүсэлт хүлээн авсны дараа олон тооны виз олгосон нь тогтоогдсон талаар Ардын Намын төлөөлөгч Ли Тэ Гюгийн ажлын алба есдүгээр сарын 29-ний өдөр зарлав.

Ажлын албаны мэдээлснээр, 2017 оны нэгдүгээр сараас 2019 оны тавдугаар сарын хооронд төлөөлөгчийн газрын албан тушаалтнуудаас гаргасан нийт 3460 виз хүсэлтийн  643 нь /ойролцоогоор 19 хувь нь/ хувийн хүсэлт бүхий виз байна. Энэ нь виз олгох удирдамжийг зөрчсөн явдал юм. Учир нь Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2017 оноос зөвхөн  дипломат болон хүмүүнлэгийн зорилгоор виз олгоход туслалцаа үзүүлэхийг консулын ажилтнуудад зөвшөөрсөн. Монгол Улсад сууга ЭСЯ нь дэлхийн 167 ЭСЯ -ны дунд ийм системтэй цорын ганц газар юм.

Тодорхой тохиолдлуудыг авч үзвэл, А нь 30 орчим сарын хугацаанд 655 удаагийн визний хамтын ажиллагааны хүсэлт гаргасан бөгөөд үүний 265 нь буюу 40 орчим хувь нь шалтгаан тодорхойгүй өөрөөр хэлбэл, хувийн хүсэлт бүхий визээр сэжиглэгдэж байна.

Ажлын албанаас түүнийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдэгдлээ. Үүнээс гадна элчин сайд Б-ын гаргасан 1382 визний хүсэлтийн 139-ийнх нь шалтгаан тодорхойгүй байна. Тэдний ажлын онцлогийг харгалзан үзсэн ч энэ нь их тоо. Холбогдох консулын газар хариуцсан захиргааны ажилтан энэ талаар “Тодорхой бус зорилготой хамтран ажиллах визний хүсэлт олон ирсэн” талаар мөн мэдүүлсэн байгаа юм.

Виз олгох ажлыг зохион байгуулахдаа хайхрамжгүй хандаж буйг 2015 онд Аудит, Хяналтын Зөвлөлд хийсэн шалгалт, 2018 онд Гадаад хэргийн яаманд хийсэн аудитаар ч онцолсон боловч Гадаад хэргийн яам ямар нэгэн онц арга хэмжээ аваагүй.

Ли Тэ Гю энэ талаар “Их хэмжээний виз олгож, авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа нь үндэсний удирдлагын зарчим, дэг журам бүрэн алдагдсаныг харуулж байна. Гадаад харилцааны яам олон жилийн турш энэ асуудлыг үл тоомсорлож, арга хэмжээ авалгүй өнгөрдөг шалтгааныг нарийвчлан шалгаж, хатуу сануулах ёстой” гэв.

Мөн тэрбээр энэ хэрэг бусад гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад гарах өндөр магадлалтай тул өргөн хүрээний аудит, судалгаа хийх шаардлагатай байна гэжээ. Уг шүүмжлэлийн дараа Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам хамтарсан аудитын системээ сайжруулахаа мэдэгдэв” гэжээ. Мэдээллийг эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж:  Chosun