Дэлхийн хэд хэдэн оронд бүртгэгдээд буй коронавирусийн “Дельта Плюс” хувилбар ердийн Дельтагаас илүү хурдан тархах чадвартай байж болзошгүй хэмээн Их Британийн эрдэмтэд анхаарууллаа. Улмаар их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) болзошгүй эрсдлийг тооцон “Дельта Плюс” хувилбарыг “шалгаж буй хувилбар” ангилалд шилжүүлсэн байна.
UKHSA-аас гаргасан мэдэгдэлд “Сүүлийн саруудад "Дельта Плюс" хувилбарын тохиолдол Их Британид нэмэгдэж байна. Тус хувилбар Дельтатай харьцуулахад илүү хурдан тархах магадлалтай талаарх нотолгоо бий” гэжээ. Одоогоор Их Британид бүртгэгдэж буй нийт халдварын тохиолдлын зургаан хувийг "Дельта Плюс" хувилбар эзэлж байгаа юм.
Мөн АНУ, Данид "Дельта Плюс"-ын хэд хэдэн тохиолдол илэрсэн байна. Хэдийгээр тус хувилбарын тархах чадвар Дельтагаас илүү байж болзошгүй гэж буй ч илүү хүнд өвчлөл үүсгэдэг гэсэн нотолгоо хараахан гараагүй байна.
Эх сурвалж: CNN