Ираны Зүүн Азербайджан мужийн шинээр томилогдсон амбан захирагчийг танилцуулах арга хэмжээ өчигдөр/2021.10.23/ болжээ. Энэ үеэр шинэ захирагч Зейнолабедин Хоррамыг үг хэлэх нэгэн эр тайзан дээр гарч ирэн түүнийг алгадаж, түлхсэн байна. Улмаар хамгаалалтын албаныхан түүн рүү гүйж, тайзнаас хүчээр буулгажээ.
“Tasnim” агентлаг тус этгээд зэвсэгт хүчний ажилтан Айюб Ализадех байсан гэж мэдээлсэн байна. Одоогоор ямар шалтгаанаар халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна. Шинэ захирагч Хоррамын хэлснээр халдлага улс төрийн шинжтэй байгаагүй, тус этгээд баривчлагдсаныхаа дараа цагдаад мэдүүлэг өгөхдөө “Өөрийнх нь эхнэрт эмэгтэй хүн биш, эрэгтэй хүн коронавирусийн эсрэг вакцин хийсэнд бухимдаж, түүнийг алгадсан” гэжээ.
Ираны Дотоод хэргийн сайд тэргүүтэй өндөр албан тушаалтнууд оролцож арга хэмжээний үеэр энэ төрлийн халдлага болсон нь маш ховор тохиолдол юм.
ВИДЕО:
Эх сурвалж: CNN