Дэлхий нийтийн анхаарлын төвд буй коронавирусийн халдвар хэзээ дуусаж, хүн төрөлхтөн хөл хорио, хязгаарлалтыг мартан, амны хаалтгүй амьдрах бол гэдгийг олон хүн сонирхож буй биз ээ. Тэгвэл Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага/ДЭМБ/ цар тахал 2022 онд ч үргэлжилнэ гэдгийг мэдэгдлээ. Үүний гол шалтгаан нь дэлхийн өмнөд хэсгийн улс орнуудын вакцинжуулалт орхигдсонтой холбоотой аж.
Энэ талаар ДЭМБ-ын анхлах удирдагч, доктор Брюс Эйлвард мэдэгдэл хийхдээ “Ядуу, буурай орнууд вакцинжуулалтын шаардлагатай тусламжийг одоог хүртэл авч чадаагүй байгаа тул коронавирусийн халдвар, хямрал нэг жилээр илүү үргэлжлэх болно” гэсэн байна.
“The People's Vaccine” буяны холбооны мэдээлснээр өнөөдрийн байдлаар Африкийн нийт хүн амын хүрэхгүй 5 хувь нь вакцинд хамрагдсан бол бусад ихэнх орон нийт хүн амынхаа 40 хувийг дархлаажуулжээ. Тухайлбал, Их Британи нийт хүн амынхаа бараг 66 гаруй хувийг бүрэн вакцинжуулсан бол Европын холбоонд уг үзүүлэлт 62 хувь, АНУ-д 55 хувь байна. Мөн 50 гаруй улс ДЭМБ-аас тавьсан зорилтыг биелүүлж, хүн амынхаа 10 хувийг вакцинжуулжээ.
Тэгвэл ямар улсууд хүн амаа вакцинжуулаагүй байна вэ
Йемен, Сири, Афганистан, Мьянмар зэрэг мөргөлдөөн ихтэй улсууд дархлаажуулалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байгаа бол Африкийн хэд хэдэн орон тухайлбал, Гаитид байгалийн гамшгийн улмаас вакцинжуулалт зогсонги байдалд ороод байгаа юм.
Энэтхэг улс үйлдвэрлэлээ зогсоосноор ядуу буурай орнуудад вакцины тусламж үзүүлэх “КОВАКС” хөтөлбөрт мөн саатал үүссэн. Үүний улмаас олон ядуу буурай орон өнөөдрийг хүртэл нэг ч вакцин аваагүй байна.
Хэдий тухайн орон хүн амаа өндөр түвшинд вакцинжуулж, хөл хорио тогтоон халдварын тоогоо хязгаарлаж чадсан ч дэлхийн бусад оронд цар тахал намжаагүй байвал аюул, эрсдэл үргэлж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэйг эрдэмтэд хэлж буй. Тиймээс доктор Брюс Эйлвард “Баян чинээлэг орнуудыг вакцины дараалал үүсгэхгүй байхыг” уриалжээ. Тодруулбал, чинээлэг орнууд вакцины захиалга өгөхгүй байснаар эмийн компаниуд ядуу буурай орнуудыг эн тэргүүнд тавих боломжтой болно гэж үзэж байгаа юм.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ядуу буурай орнуудын 2 тэрбум коронавирусийн эсрэг вакцины тунг хангах ёстой байсан ч бусад чинээлэг орнууд захиалга өгснөөс үүдэн тасалдаж үүсэж одоогоор 371 сая тунг л тээвэрлээд байна.
Эх сурвалж: The People's Vaccine, CNN