Хятадын "Хөгжил ба Өөрчлөлт"-ийн улсын хорооноос Биткойн, Этэриум гэх мэт криптовалют олборлохыг нэн даруй татаж буулгах ёстой салбаруудын тоонд оруулсан гэдгийг Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.
Койн олборлолтыг зогсоох нь Хятадын санхүүгийн системд тулгараад байгаа хэт эрсдэлийг арилгахад чиглэсэн алхам гэж “Хөгжил ба өөрчлөлтийн улсын хороо”-оос тайлбарлажээ. Ингэснээр уг салбарыг нэн даруй татан буулгах ёстой гэсэн ангилал руу шилжүүлжээ. Нэн даруй татан буулгах ёстой салбаруудын жагсаалтад оруулах хүсэлтийг арван нэгдүгээр сарын 21 хүртэл хүлээж авах аж.
БНХАУ өмнө нь хэд, хэдэн удаа криптовалютыг хориглох алхам хийсэн. Жишээлбэл, энэ оны тавдугаар сард /2021.05/ Хятад улсын бүх санхүүгийн байгууллагуудыг криптовалютаар гүйлгээ хийхийг хориглосон. Мөн өнгөрөгч есдүгээр сард /2021.09/ криптовалютыг хориотой бус харин хууль бус хэмээн зарлаж гүйлгээ хийвэл хуулийн хариуцлага тооцохоор болсон байна. Түүнчлэн энэ сарын эхээр /2021.10/ койн олборлолтыг хориглож эсвэл хязгаарлаж магадгүй салбаруудын урьдчилсан жагсаалтад оруулаад байсан юм.
Г. Мөнхбаяр