“Баян, чинээлэг орнууд бүүстер тун хийж эхэлсэн нь  вакцины хомстол үүсгэж байна”

“Баян, чинээлэг орнууд бүүстер тун хийж эхэлсэн нь вакцины хомстол үүсгэж байна”

ДЭМБ-ын анхлах удирдагч, доктор Брюс Эйлвард саяхан мэдэгдэл хийхдээ “Ядуу, буурай орнууд вакцинжуулалтын шаардлагатай тусламжийг одоог хүртэл авч чадаагүй байгаа тул коронавирисийн цар тахал 2022 онд ч үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл “Bloomberg” агентлаг тэргүүтэй томоохон хэвлэлүүд вакцины хомстлыг бүүстер тунтай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, баян чинээлэг орнууд иргэддээ бүүстер буюу нэмэлт, сэргээх тунг хийж эхэлснээр вакцины хомстол үүсээд байгаа аж. ДЭМБ ч мөн бүүстер тунг хийж эхэлснээс хойш дэмжихгүй байгаагаа илэрхийлж, “ядуу буурай орнуудын иргэд вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байхад гурав дахь тун гэж ярих нь шударга бус юм” гэж байв.  

“The People's Vaccine” буяны холбооны мэдээлснээр өнөөдрийн байдлаар Африкийн нийт хүн амын хүрэхгүй 5 хувь нь вакцинд хамрагдсан бол бусад ихэнх орон нийт хүн амынхаа 40 хувийг дархлаажуулжээ. Тухайлбал, Их Британи нийт хүн амынхаа бараг 66 гаруй хувийг бүрэн вакцинжуулсан бол Европын холбоонд уг үзүүлэлт 62 хувь, АНУ-д 55 хувь байна. Мөн 50 гаруй улс ДЭМБ-аас тавьсан зорилтыг биелүүлж, хүн амынхаа 10 хувийг вакцинжуулжээ.

Харин Йемен, Сири, Афганистан, Мьянмар зэрэг мөргөлдөөн ихтэй улсууд дархлаажуулалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байгаа бол Африкийн хэд хэдэн орон тухайлбал, Гаитид байгалийн гамшгийн улмаас вакцинжуулалт зогсонги байдалд ороод байгаа юм. 

Энэтхэг улс үйлдвэрлэлээ зогсоосноор ядуу буурай орнуудад вакцины тусламж үзүүлэх “КОВАКС” хөтөлбөрт мөн саатал үүссэн. Үүний улмаас олон ядуу буурай орон өнөөдрийг хүртэл нэг ч вакцин аваагүй байна. Хэдий тухайн орон хүн амаа өндөр түвшинд вакцинжуулж, хөл хорио тогтоон халдварын тоогоо хязгаарлаж чадсан ч дэлхийн бусад оронд цар тахал намжаагүй байвал аюул, эрсдэл үргэлж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэйг эрдэмтэд хэлж буй. Тиймээс доктор Брюс Эйлвард “Баян чинээлэг орнуудыг вакцины дараалал үүсгэхгүй байхыг” уриалжээ. Тодруулбал, чинээлэг орнууд вакцины захиалга өгөхгүй байснаар эмийн компаниуд ядуу буурай орнуудыг эн тэргүүнд тавих боломжтой болно гэж үзэж байгаа юм.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ядуу буурай орнуудын 2 тэрбум коронавирусийн эсрэг вакцины тунг хангах ёстой байсан ч бусад чинээлэг орнууд захиалга өгснөөс үүдэн тасалдаж үүсэж одоогоор 371 сая тунг л тээвэрлээд байна.

Эх сурвалж: Bloomberg