БНСУ-ЫН ХЭВЛЭЛД: Хүчирхийлэлд өртөж, хүнд гэмтсэн Монгол эмэгтэйг Цагаачлалын албанд найман өдөр саатуулж, зөвхөн өвчин намдаах эм өгч байжээ

БНСУ-ЫН ХЭВЛЭЛД: Хүчирхийлэлд өртөж, хүнд гэмтсэн Монгол эмэгтэйг Цагаачлалын албанд найман өдөр саатуулж, зөвхөн өвчин намдаах эм өгч байжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 19-ний өдөр БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол бүсгүй захиралдаа хэрцгийгээр зодуулж, хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан билээ. Тухайн үед цагдаа нар гэмтэж, бэртсэн хохирогч бүсгүйг захирлыгаа зодсон хэмээн тэмдэглэж, эмнэлгийн тусламж үзүүлэлгүй Цагаачлалын алба руу илгээсэн байдаг.

Тэгвэл БНСУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв “Ньюстапа” уг хэргийн талаар “Бидний аймшигтай Солонгос улс” хэмээх нэвтрүүлэг хийж, 702 мянган дагагчтай өөрсдийн “youtube” суваг болон “Newstapa” албан ёсны сайтдаа нийтэлсэн байна. 24 минут үргэлжлэх уг нэвтрүүлэгт юу өгүүлснийг та бүхэнд орчуулан хүргэе. 

-БИДНИЙ АЙМШИГТАЙ СОЛОНГОС УЛС-

“БНСУ-ын иргэн өөрийн зочид буудалд ажиллуулдаг Монгол эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, нэг цаг гаруй хугацаанд зодож танхайрсан хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэй болох А нь хэрэг гарахаас өмнө бэлгийн дарамтад байнга өртөж байсан талаараа мэдүүлсэн байна. Гэвч энэ мэдээллийн дагуу ирсэн цагдаа нар хохирогч бүсгүйг цагаачлалын албанд хүлээлгэн өгчээ. Учир нь А нь Солонгост хууль бусаар оршин суугч байсан аж. Цагаачлалын албанд саатуулагдаж байх үед А-н хавирга нь хүнд бэртсэн байсан. Гэвч цагаачлалын албанаас гарахын өмнөх өдөр л түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд найм хоног саатуулагдах хугацаанд зөвхөн өвчин намдаах эм өгч байжээ. Одоо цагдаагийн байгууллагаас тус зочид буудлын захирлыг хүчин, гэмтэл учруулсан, танхайрсан хэргээр шалгаж байна.

9-р сарын 14-нд Ньюстапа сэтгүүлд ярилцлага өгсөн Монголын цагаач эмэгтэй А

-БҮСГҮЙ УДААН ХУГАЦААНЫ ТУРШИД БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТӨЖ БАЙЖЭЭ-

Монгол эмэгтэй А нь 2018 оны есдүгээр сард БНСУ-д аяллын визээр иржээ. Есөн настай хүүхдээ эх орондоо ганцаараа өсгөх нь түүнд хэцүү байсан тул аргагүйн эрхэнд харь оронд ажил хийхээр шийдсэн байна. Солонгост ирээд танилтайгаа уулзан, 2019 оны дөрөвдүгээр сард Инчон хотын нэгэн зочид буудалд ажилд орсон аж. А зочид буудлын цорын ганц ажилтан, гурван давхар байшингийн 20 өрөөг цэвэрлэдэг бөгөөд өдөрт 12 цаг ажлаас орой гэртээ харьдаг байжээ.

Түүний захирал нь Инчонд хоёр ч зочид буудал ажиллуулдаг. Гэхдээ хохирогч бүсгүйн ажиллуулдаг зочид буудалд бараг ирдэггүй байж. 2020 оны 12-р сард захирал нь өөр нэгэн ажилтнаа хууль бусаар оршин суугч гэж мэдэгдэн эх орноосоо албадан гаргасан байна. Гэвч яг энэ үеэс монгол бүсгүй А-д бэлгийн дарамт үзүүлж эхэлжээ.

Захирал нь түүний цээжинд хүрч, хэд хэдэн удаа өгзөг рүү нь алгадсан гэж бүсгүй мэдэгдсэн байна. Мөн түүнийг зочид буудлын нэгдүгээр давхарт усанд орж байхад нь хэд хэдэн удаа зөвшөөрөлгүй орж ирдэг байсан аж. Тухайн үед бүсгүй “цагдаа дуудна” гэж уурладаг байсан тухайгаа бидэнд хэлсэн юм.

Захирлынхаа бэлгийн дарамтыг тэвчихэд хүнд байсан. Мөн хүүтэйгээ уулзахыг хүссэн учраас бүсгүй Монгол руу буцахаар төлөвлөжээ. Гэвч коронавирусийн улмаас нисэх огноо хойшлогдсон бөгөөд бүсгүй ч хүсэлтээ гаргаж чадаагүй байна. Учир нь түүний захирал “Монголд байдал улам муудаж байна. Ахиухан мөнгө олж аваад яв” гэж паспортыг нь авчээ. Бүсгүйн хэлж буйгаар эцэст нь гурван сарын дараа паспортоо автал захирал нь паспортын зургийг нь урьдчилан авсан байна. Ингээд хэрэг болсон өдөр түүний паспортынх нь зургийг үзүүлж, хууль бус оршин суугч хэмээн баривчлуулжээ.  

-ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГЧ ИРГЭН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН ТОХИОЛДОЛД ЦАГДАА НАР ЦАГААЧЛАЛЫН АЛБАНД МЭДЭГДЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГГҮЙ-

Наймдугаар сарын 19-ний 20.00 цагт бүсгүй ажлаасаа тараад монгол найзынхаа гэрт оройн хоол идэхээр явсан байна. Гэвч дарга нь араас нь удаа дараа утастан зочид буудалдаа ирж, лангуугаа түгжихийг даалгажээ.

А-г зодож, хүчирхийлэхийг оролдсон Инчон дахь мотел

Шөнө оройн цагаар даргатайгаа уулзахаас айж байсан ч бүсгүй аргагүйн эрхэнд очив. Зочид буудалдаа иртэл дарга нь гэнэт өрөөнд орж ирэн дотроос нь түгжсэн байна. Ингээд бүсгүйг “Чи юу гэж цагдаа дуудна гэж, хэрэв ажлаасаа гарах бол оронд чинь ажиллах хүнийг олж өг, би чамд цалин өгөхгүй” гэж элдэв үгээр доромжлон хашхирч эхэлсэн байна. Дараа нь түүнийг түлхэж, нүүр рүү нь алгадаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завджээ.

Бэлгийн хүчирхийлэл үйлдэх оролдлого үргэлжилсээр, бүсгүй зугтахыг оролдсон ч захирал нь түүн рүү сандал шидэж, доош унаган цээжин дээр нь гишгэж, толгой руу цохисоор байжээ. Энэ хэрцгий үйлдлүүд нэг цаг орчим үргэлжилсний эцэст бүсгүй үүд рүү дөхөж, хамаг чадлаараа хашхирсан байна. Үүний дараа захирал нь зочид буудлынхаа бүх хяналтын камерыг унтраасан бөгөөд энэ үеэр бүсгүй зугтаж чаджээ.

Шөнийн 11 цаг өнгөрч байв. Мотелийн гаднах ресторанууд хаасан тул бүсгүй 24 цагийн дэлгүүр рүү арайхийн очжээ. “Би дэлгүүрийн хаалгыг өшиглөөд уйлж, тусламж гуйсан” гэж бүсгүй хэлэв. Тухайн үед хүнсний дэлгүүр ажиллаж байсан Ким Жун “Хван Ньюстапа”-д ярилцлага өгөхдөө “Зочид буудлын захирал нь эмэгтэйг “Миний танил байгаа юм” гэж чирээд, авч явахыг оролдсон. Гэвч би эмэгтэйд ямар нэгэн зүйл тохиолдсоныг мэдэрсэн учраас цагдаа дуудсан” гэсэн юм.

Гудамжны эцэст байрлах 24 цагийн үйлчилгээний дэлгүүр

Одоо мөрдөж буй Цагаачлалын хяналтын тухай хуульд зааснаар хууль бус цагаач гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллага цагаачлалын албанд мэдэгдэх үүрэг хүлээдэггүй. Уг хуулийн зорилго нь гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд хууль бусаар оршин суугч байсан ч албадан гаргахаас айхгүйгээр цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжийг бүрдүүлэхэд оршино. Гэвч цагдаа нар маргааш нь бүсгүйг Инчоны Цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн. Учир нь түүнийг захиралтайгаа зодолдсон, танхайрсан гэж бүртгэсэн байна.

-ХОХИРОГЧ БҮСГҮЙД ГУРВАН УДААГИЙН ХАВИРГАНЫ ХУГАРАЛ, ОЛОН ГАЗАР ХӨХӨРСӨН, АРЬСАН ДООРХ ЦУС АЛДАЛТ ЗЭРЭГ ОНОШ ТАВЬЖ, 35 ХОНОГ ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРАВ-

А-г гэмт хэргийн хохирогч болсныг мэдээд БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам түүнийг чөлөөлөх хүсэлтийг Инчоны Цагаачлалын албанд хэд хэдэн удаа тавьсан тухай Ньюстапа агентлагт мэдээлэв. “А нь гэмт хэргийн хохирогч болсон” гэдгийг цагдаагийн байгууллага нотолсон тохиолдолд л энэ боломжтой байв.

Гэвч цагдаагийнхан түүнийг захиралтайгаа харилцан зодолдсон тул танхайн хэргийн “хохирогч, мөн гэмт хэрэгтэн” гэсэн шалтгаанаар татгалзжээ. Эцэст нь А-ийн бие бүхэлдээ хөхөрч, өвдөлт үргэлжилсэн байдалтай байсан тул цагаачлалын албанд найм хоног саатуулсны дараа суллажээ. А цагаачлалын албанд зохих ёсны эмчилгээ хийлгээгүй хэмээн бидэнд хэлсэн юм. Түүний цээж нь өвдөж, унтаж чадахгүй, эрүү нь маш ихээр өвдөж амаа нээхэд хэцүү байсан тул гурван хоног ус ч ууж чадаагүй байна. Тиймээс монгол найз руугаа утастаж болсон явдлыг хэлэхэд, найз нь “Солонгосын Хүний Эрхийн Үндэсний комисс”-т удаа дараа гомдол гаргасан байна.

“Ньюстапа” А-гийн эрүүл мэндийн дэвтрийг шалгав. Бүсгүй хэрэг гарснаас хойш гурван удаа эмнэлэгт очсон байна. Анх цагдаа нартай очиход “хөхөрснөөс өөр ер бусын зүйл байгаагүй” гэжээ. Гэсэн хэдий ч А-ийн бие өвдсөөр байсан тул цагдаа нар дөрвөн удаа Tylenol/өвчин намдаагч эм/ өгсөн байна. Цагаачлалын албанд ирсэн долоо дахь өдөр А-ийн хүсэлтээр эмнэлэгт очиж, нарийн шинжилгээ хийхэд гурван удаагийн хавирганы хугарал, олон газар хөхөрсөн, арьсан доорх цус алдалт зэрэг онош тавьж, 35 хоног эмчлүүлэх шаардлагатай гэсэн эцсийн онош гарсан байна.

А-н 3,4,5-р хавирга хугарсан гэсэн эмнэлгийн дүгнэлт

Бид хэрэгт холбогдогч захиралтай уулзахаар очсон ч байсангүй. Харин А-н оронд ажилд орсон хүн “А-г архи их уудаг, ажлаа хийдэггүй байсан гэж сонссон” гэж бидэнд хэлсэн юм. Үүний дараа бид захиралтай уулзаж чадаагүй бөгөөд түүний ажиллуулдаг өөр нэгэн зочид буудал руу залгаж, эцэст нь богино хугацаанд утсаар ярихад “А-н эсрэг халдлага хийснээ үгүйсгэж, худал мэдээлэл тараавал шүүхэд өгнө” гэв.

9 дүгээр сарын 14-ний өдөр “Ньюстапа” анх монгол эмэгтэй А-тай уулзах үед тэр цээжин доороо хамгаалалт зүүсэн байв. Бүсгүй эмнэлгийн зардал хүрэлцээгүйн улмаас 9 хоногийн дараа гарчээ. Хэсэг хугацаанд найзындаа амьдарч байгаа бөгөөд толгой нь байнга өвдөж, шөнө бүр хар дарж зүүдлэн нойргүйдэлд орсноо бидэнд ярьсан юм.

Бүсгүй бидэнд “Солонгосчуудыг шударга, хууль сахидаг, хүний ​​эрхийг дээдэлдэг хүмүүс гэж үздэг. Мэдээн дээр хүртэл хэрэг хийсэн өндөр албан тушаалтнуудыг шийтгэсэн талаар байнга гардаг учраас их шударга хүмүүс гэж боддог байсан. Гэвч солонгос хэл мэдэхгүй, хууль бус оршин суугч гэж надад шударга бус хандлаа. Хэрэв би солонгос эмэгтэй байсан бол надад ингэж хандахгүй байсан” гэв.

Эх сурвалж: Newstapa