Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2025 онд БНХАУ-тай хилээ нээх хүртэл ард иргэдээ хоол хүнс бага идэхийг уриалжээ. Цар тахлын улмаас тус улс 2020 оны нэгдүгээр сард БНХАУ-тай хилээ хаасан. Гэвч уг алхам халдвар тархахаас сэргийлж чадсан ч эдийн засагт маш том хохирол учруулж, эрэлт нийлүүлэлтээс даван, өргөн хэрэглээний барааны үнэ огцом өссөн юм.
Нэрээ нууцалсан иргэн “Dailymail”-д ярилцлага өгөхдөө “2025 оноос өмнө Хятадтай хилээ дахин нээх магадлал бага байгааг эрх баригчид ард түмэндээ анхааруулсан” талаар ярьжээ.
Өнгөрсөн жил Хойд Солонгос хүчтэй үерт нэрвэгдэж, үр тариа сүйдэн, олон зуун өрх орон гэргүй болсон. Энэ жил мөн ган гачиг, үерийн улмаас олон зуун тариалангийн талбай сүйдсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сард гэхэд Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт орсон хүчтэй аадар борооны улмаас 1170 байшин нурж, 5000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн тухай Хойд Солонгосын төрийн телевиз мэдээлэв.
Энэ мэт хүчин зүйлсийн улмаас ард түмэн нь аль хэдийн өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн ч Ким Жон Ун бие даан оршин тогтнох үзэл санаандаа бат зогссоор байгаа аж. Мөн тэрбээр хүнсний хомстолд эрх баригчдын бодлого бус байгалийн гамшиг, бусад улсуудын хориг, цар тахал зэрэг гаднын хүчин зүйлсийг буруутгажээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хойд Солонгосыг энэ жил 860,000 тонн хүнсний хомстолтой тулгарна гэсэн тооцооллыг гаргасан юм.
Эх сурвалж: Dailymail.co.uk