“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын хүүхдийн ордонд “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2021.10.28/ 10:00 – 15:00 хооронд танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж өндөрлөлөө.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь:

  1. Төрийн бодлого , хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлууд
  2. Хүүхдийн боловсрол, цахим хөтөлбөрийн асуудлууд
  3. Хүүхдийн эрүүл мэнд, шим тэжээл, тархи судлалын асуудлууд
  4.  Хүүхдийн нийгэм, сэтгэлзүйн асуудлууд
  5. Хүүхдийн бие бялдар, биеийн тамирын асуудлууд гэсэн нь таван асуудлаар талаар ярилцсан байна.

 Мөн хүүхдийн хөгжил /сэтгэл зүй, бие бялдар/, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалалд тулгамдаж буй асуудлыг онол практикийн талаас хэлэлцэж, холбогдох бодлогод нөлөөлөх чиглэлээр эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтнүүдийн олон талт хамтын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд эрхээ бүрэн эдэлж, хүүхдийн сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр хийсэн эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээг танилцуулсан байна.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Төрөөс хүүхдийн хөгжил хамгааллын талаар баримтлах бодлого, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих зорилтыг дэвшүүлсэн. Тодруулбал, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн хөгжлийг дэмжин, болзошгүй эрсдэл, осол гэмтэл, цахим орчны сөрөг нөлөө, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй байдлаараа ямар түвшинд явж байгаад судалгаа, шинжилгээ хийн, индексийг тогтоох бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид ч хүүхэд хөгжил, хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх оновчтой судалгаа, шинжилгээний ажлын идэвхийг нэмэгдүүлэх болно. Түүнчлэн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн уялдаа холбоог сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана” хэмээн үг хэлэв.

Г. Мөнхбаяр