Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужийн цагдаа нар өнгөрөгч ням гараг/2021.10.24/-т болсон 20-р дэлхийн аварга шалгаруулах крикетийн тэмцээнд Пакистаны багийг дэмжсэн гурван оюутныг баривчилжээ.
Оюутнууд тоглолтын үеэр Пакистаны багийг дэмжсэн уриа, лоозон барьсан зургаа “WhatsApp” сүлжээнд нийтэлсэн юм. Гэвч үүний дараа цагдаа нар тэднийг баривчилснаар зогсохгүй сургуулиас нь түдгэлзүүлсэн байна.
Гэвч тоглолтын шуугиан үүгээр дууссангүй. Ражастан мужийн нэгэн сургуулийн багш мөн Пакистаныг ялсны дараа WhatsApp-т баярын бичлэг нийтэлж мөн л ажилгүй болжээ. Түүнийг лхагва гарагт баривчилсан гэж “Press Trust of India” мэдээлсэн байна. Мөн Хойд нутгийн Пенжаб мужид Пакистаны ялалтын баярыг тэмдэглэж буй Кашмир оюутнууд руу хэсэг иргэд халдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Тэмцээн дууссаны дараа Энэтхэгийн крикетийн багийн цорын ганц мусульман болох Мохаммед Шами цахим сүлжээнд, кибер халдлагад өртсөн. Учир нь хожигдсондоо уурласан олон мянган үзэгч түүнийг Пакистаны багт зориудаар хожигдож өгсөн хэмээн буруутгаж, “урвагч” гэж цоллосон байна.
Өмнөд Азийн хөршүүд болох тус хоёр улсын харилцаа үргэлж сайнгүй байсан бөгөөд крикетийн тэмцээн нөхцөл байдлыг улам дордуулсан гэж хэлж болно. Учир нь тоглолтод Пакистан, Энэтхэгийн багийг 10 онооны зөрүүгээр буулган авсан юм.
Эх сурвалж: BBC