АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв/CDC/ өчигдөр/2021.10.17/ вакцины шинэчилсэн удирдамжаа танилцуулжээ.
Шинэчилсэн удирдамжид дурдсанаар коронавирусийн гурав дахь тунг хийлгэсэн дархлаа султай хүмүүс ирэх жил дөрөв дэх тунгаар “Pfizer-BioNTech” эсвэл “Moderna” вакцинуудаас сонгон хийлгэх боломжтой гэжээ. Дархлаа суларсан гэх ангилалд химийн эмчилгээ хийлгэж буй, эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон бусад эрүүл мэндийн асуудалтай хүмүүс багтаж байгаа аж. Вакцины дөрөв дэх тунг гурав дахь тун хийлгэснээс зургаан сарын дараа хийлгэхийг зөвлөсөн байна.
Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын холбооны зохицуулагч байгууллагууд “Pfizer-BioNTec”h болон “Moderna” вакцины гурав дахь тунг дархлаа султай иргэдийг хийлгэхийг зөвшөөрсөн. Ингэхдээ хоёр тунгаас дор хаяж 28 хоногийн дараа хийлгэх боломжтой гэж байв. Агентлагуудын хийсэн судалгаагаар коронавирусийн мутацилагдсан хувилбаруудаас вакцины хоёр тун хангалттай сайн хамгаалж чадахгүй болох нь тогтоогджээ.
Эх сурвалж: Nytimes