ТАСС: Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өвчинтэй тэмцэх стратеги зөв байсан учраас Монголд эдийн засгийн сэргэлт явагдаж байна” гэв

ТАСС: Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өвчинтэй тэмцэх стратеги зөв байсан учраас Монголд эдийн засгийн сэргэлт явагдаж байна” гэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр/2021.10.28/ ОХУ-ын ТАСС агентлагийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусманд ярилцлага өгчээ. Уг ярилцлагын онцлох хэсгүүдийг ТАСС агентлаг нийтэлснийг орчуулан хүргэж байна.

-МОНГОЛ УЛС ДАМЖИН ӨНГӨРӨХ УЛС БОЛОХ ЗОРИЛТ ТАВЬСАН ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛЭВ-

Монгол Улсын нутаг дэвсгэрт Орос, Хятадтай эдийн засгийн хамтарсан коридор байгуулах нь гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой байх болно гэж Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ТАСС агентлагийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусманд тусгайлан ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

“Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг бид хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ нь Орос, Монгол, Хятадын стратегийн чухал ач холбогдолтой чухал зүйл гэж үзэж байна. Тиймээс ОХУ-аас Хятад руу чиглэсэн төмөр замыг шинэчлэх, шинэ салаа шугам, зэрэгцээ зам, авто зам, байгалийн хийн хоолой барих ажлыг чухалчлан үзэж, идэвхтэй ажиллаж байна" гэж тэр хэллээ.

Түүнчлэн тэрбээр Монгол Улс дамжин өнгөрөх улс болох зорилт тавьсан талаар ярьсан юм. Энэ талаар "Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр би энэ тухай ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Европоос Ази руу хүрэх хамгийн дөт зам нь Монголоор дамжин өнгөрөх. Орос, Хятад хоёрыг холбосон хамгийн дөт зам бол Монголын өргөн уудам нутгаар дамжих. Тиймээс бид манай улсын транзит, ложистик, дижитал нөөц бололцоог тооцон анхааралтай ажиглаж байгаа” гэв.

-МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМЫН 66 ХУВЬ НЬ ВАКЦИНД ХАМРАГДСАН НЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ ГЭДГИЙГ ТӨРИЙН ТЭРГҮҮН ХЭЛЭВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын “Спутник V” вакциныг ашигласан вакцинжуулалтын кампанит ажил амжилттай явагдсаны үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэх боломжтой болсон талаар ярилаа.

Тэрбээр "Монгол Улс эмнэл зүйн яаралтай горимоор ашиглах долоон вакциныг бүртгэсэн. Үүний дотор “Спутник V” багтаж буй. Өөрсдийнх нь эх орон нь хүнд нөхцөлд байхад бидэнтэй вакцин хуваалцсанд маш их талархаж байгаа. Манай улс вакциныг аль хэдийн хэрэглэж эхэлсэн бөгөөд эерэг үр дүнг авчирсан. Сүүлийн үед манай улсад эдийн засгийн сэргэлт явагдсан нь вакцины ашиг тус, өвчинтэй тэмцэх стратеги зөв болохыг харуулж байна” гэв.

Цар тахал эхэлснээс хойших хоёр жил гаруй хугацаанд тус улс хүнд цохилтод өртөж, ялангуяа ажлын байрны тоо цөөрч, ажилгүйдэл нэмэгдэн, эдийн засгийн өсөлтийн хурд саарсныг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдлаа. Цар тахлын өмнө Монголын эдийн засгийн өсөлт 7.3 хувьд хүрсэн ч, 2020 онд ДНБ 5.3 хувиар буурсан байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Вакцинжуулалт хэвийн амьдралдаа эргэж ороход чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ оны 9-р сараас эхлэн бид боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг танхим болон зайны сургалттай хослуулан сэргээж байна. Мөн төрөл бүрийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг аажмаар нээсэн. Ирээдүйд бид өмнөх үед ямар байсан тэр үерүүгээ буцах болно” гэв.

Төрийн тэргүүний хэлснээр Монгол Улсын нийт хүн амын 66 хувь нь вакцинд хамрагдсан нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт аж. Үргэлжлүүлэн тэрбээр “Мэдээж урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын эсрэг хүмүүс бий. Манай улс ардчилсан, олон ургалч үзлийг дэмждэг. Гэхдээ дийлэнх иргэд дархлаажуулалтын аянд идэвхтэй нэгдсээр байна" гэв.

Эх сурвалж: TACC