Австрали улс өнөөдрөөс хилээ нээлээ

Австрали улс өнөөдрөөс хилээ нээлээ

Цар тахлын улмаас удаан хугацааны туршид хаалттай байсан Австрали улс өнөөдрөөс хилээ нээлээ. Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар 18 сар гаруй хугацаанд иргэдээ гадаад оронд зорчихыг хориглоод байсан. Мөн энэ хугацаанд гадаадад амьдарч байсан иргэд ч эх оронд руугаа буцах боломжгүй байсан юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Австралийн иргэд гадаадад чөлөөтэй аялах боломжтой болж, Сидней, Мельбурн хотууд вакцинжуулалтад хамрагдсан иргэдээ гадаадаас ирэхэд нь тусгаарлалтгүйгээр хүлээн авч эхлээд байна.

Гэхдээ дархлаажуулалтын явц удаан байгаа Баруун Австрали болон Күинслэнд мужууд хатуу хөл хорионы дэглэмээ үргэлжлүүлж гадаадаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах журмаа хэвийн үргэлжлүүлж байна.

Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр ярилцлага өгөхдөө “Вакцинжуулалт орон даяар өндөр түвшинд явагдаж байгаа тул хилээ нээх болсон” гэжээ. Австралийн эмийн зохицуулагч байгууллагын мэдээлснээр тус улсын 16-аас дээш насны иргэдийн 90 хувь нь вакцины эхний тундаа хамрагдсан байна.

Эх сурвалж: AF, ВВС