ХЯТАДЫН ТӨРИЙН ХЭВЛЭЛД: Монголтой хил залгаа Эжин хошуунд халдвар гарсаар байгаа тул хатуу хөл хориог чангатгаад байна

ХЯТАДЫН ТӨРИЙН ХЭВЛЭЛД: Монголтой хил залгаа Эжин хошуунд халдвар гарсаар байгаа тул хатуу хөл хориог чангатгаад байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоосон. Улмаар Эрээнээс ачигддаг нарийн ногоо, зарим нэр төрлийн барааны хомстол үүсээд байгаа билээ.

Халдвар илэрсэн бүс нутагт хатуу хөл хорио тогтоон иргэдийг шинжилгээнд хамруулж эхлээд байна

Гуравхан сарын дараа тус улсад Өвлийн олимп зохиогдох гэж буй. Тиймээс халдварын тархалтыг хумихын тулд Хятадын эрх баригчид хатуу хязгаарлалт тогтоон, яаралтай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа ч хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хятадын эрх баригчид “21 зарчим”-ыг баримталж ажиллах төлөвтэй байна. Тодруулбал, 21 хоног халдвар бүртгэгдэхгүй байж чадвал тухайн бүсийг “аюулгүй” хэмээн зарлаж, хилээ нээх юм.

Үүний дагуу халдвар бүртгэгдэлгүй долоо хоносон ч найм дахь хоногтоо шинээр батлагдвал дахин тэгээс эхэлж тооцно гэсэн үг юм. Тэгэхээр хил нээх эсэх нь халдварын нөхцөл байдлаас ихээхэн хамаарна хэмээн шинжээчид таамаглаж байна.

Гэсэн ч Монгол, Хятадтай хил залгаа орших Өвөр Монголын Өөртөө Засах орны Эжин хошуунд халдварын тохиолдол нэмэгдэж, хөл хориог чангатгаад байгаа талаар БНХАУ-ын төрийн хэвлэл “Global Times”-д бичжээ. Энэ талаар

“Хойд талаараа Монгол Улстай хиллэх ӨМӨЗО-ны Эжин Баннер хошуунд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул тус хошуунд гацсан жуулчид болон орон нутгийн оршин суугчдын хөл хорионы дэглэмийг чангатгалаа.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гараг/2021.10.26тус хошууны дарга Чэнь Жанюныг хариуцлага алдаж, халдвар дэгдээсэн гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь огцруулсан. Түүний дараа  Эжин хотын намын даргаар томилогдсон Дай Цин яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг онцлон, 11 мужид тархсан вирусийн тархалтыг таслан зогсоохоо амлав.

Одоо тус хошуунд бүх иргэдийг гэртээ байхыг хатуу сануулж, олон нийтийн аюулгүй байдлын хэлтсүүд, цагдаагийн хүчийг байрлуулан, гудамж, орон сууцны хорооллуудыг хянуулж байгаа аж. Дүрэм зөрчиж, зөвшөөрөлгүй гарсан хэн бүхний барьж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шинээр томилогдсон дарга Дай Цин хэлэв. Мөн хотын бүх төрийн албан хаагчид халдварын тархалтаас сэргийлэн зайнаас ажиллаж байна.

Бямба гараг/2021.10.30/-т Хятадад дотоодын 48 тохиолдол батлагдсаны 10 нь ӨМӨЗО, 9 нь баруун хойд Ганьсу мужид, гурав нь Зүүн Хятадын Шаньдунд, дөрөв нь Ниншя мужид тус тус батлагджээ. Мөн Юньнань мужид хоёр, Бээжинд нэг, Зүүн Хятадын Зянши мужид нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн гэж Үндэсний эрүүл мэндийн комисс (NHC) мэдээллээ” гэжээ.

Эх сурвалж: Global Times