Өнгөрсөн наймдугаар сард Талибан хөдөлгөөн Афганистаны Засгийн эрхийг авснаас хойш тус улсад байдал эрс муудаж, томоохон хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна. Талибан бүлэглэтэй хэрхэн тэмцэх талаар дэлхий нийт анхаарч байх үед тус улсын эдийн засгийг тэтгэж байсан олон улсын тусламжууд зогсжээ.
ВВС-ийн сурвалжлагч Йогита Лимайе саяхан Афганистаны баруун хэсэгт байрлах Херат хотоор өөрийн биеэр явж сурвалжилга бэлтгэхэд өлсгөлөнд нэрвэгдсэн гэр бүл саяхан төрсөн охиноо 500 ам.доллараар зарсан тохиолдол гарсан тухай мэдээлж байв. Тэгвэл энэ удаа CNN агентлаг есөн настай охиноо 55 настай эрд гэрлүүлэхээр зарж буй тухай видео сурвалжилга бэлтгэжээ.
Уг сурвалжилгад “9 настай Парвана Малик охин найзуудтайгаа дээс тоглож байхдаа инээж байв. Гэвч гэртээ ирэх үед түүний инээд хөөр алга болж, шороон ханаатай жижигхэн байшин нь түүнд өөрийнх нь хувь заяаг сануулах болно. Учир нь түүнийг ээж, аав нь харийн нэгэнд бэр болгож худалдсан юм.
Парвана эцэг, эхийнхээ бодлыг өөрчилнө гэж найдаж байгаагаа бидэнд хэлэв. Тэр багш болох мөрөөдөлтэй бөгөөд сурахыг хүсдэг. Гэвч түүний гуйлт хий хоосон болж өнгөрөв. Учир нь аравдугаар сарын 24-ний өдөр Корбан гэх эр ирж, Парванагийн аавд хонь, газар, болон 2200 ам.доллар өгч, охиныг нь худалдан авсан юм.
Парванагийн аав Абдул Малик CNN-д өгсөн ярилцлагадаа охины зарахгүй байхыг хичээсэн. Гэвч гэр бүлээ тэжээхийн тулд өөр сонголт байхгүй” хэмээн ярьсан байна.
Парвана бол тус улсад хүмүүнлэгийн хямрал нүүрлээд буй энэ үед бусдад зарагдсан олон залуу афган охидын нэг. Өвлийн улирал дөхөж байгаа учраас өлсгөлөнд нэрвэгдсэн томчууд зүрх шимшрүүлсэн шийдвэр гаргаж, хүүхдүүдээ зарж байна” гэжээ.
ВИДЕО: