ФОТО: “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж эрэгт байрлуулах ажлыг зохион байгуулж байна

ФОТО: “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж эрэгт байрлуулах ажлыг зохион байгуулж байна

Хөвсгөл нуурт 1985 онд  живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метрт, 12-16 метрийн гүнд живсэн. Уг онгоцыг татан гаргах ажлыг Засгийн газраас санаачлан энэ оны аравдугаар сарын 01-ээс зохион байгуулж амжилттай хэрэгжүүлж дуусах гэж байна. Онгоцыг татаж гаргасны дараа музей болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Мөн онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгасан юм. Тус ажиллагаанд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцож байна.       

Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэж байгаа бөгөөд дарааллын дагуу хөлөг онгоцыг эрэгт байрлуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3.2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1.4-1.9 метр шигдсэн байсан.  Уг хөлөг онгоц 43.3 м урттай, 8.4 м өргөн, 5.7м өндөр, 309 тн жинтэй юм.

Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрийн зураг төслөөр хийгджээ. Тус хөлөг онгоц нь тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан усан онгоц юм.

Нэмж дурдахад, Монгол Улсын хувьд өмнө нь том хэмжээний машин, техникийг татан  гаргасан туршлага байхгүй. Тиймээс энэ ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахын тулд ОХУ-аас туршлага, зөвлөгөө авч ажиллаж байгаа юм.