ВИДЕО: Шүүхийн ариун цэврийн өрөө иргэдийн “ЗАЯАГДМАЛ” эрхийг хангаж чадахгүй байна Х.Нямбаатар сайд аа

ВИДЕО: Шүүхийн ариун цэврийн өрөө иргэдийн “ЗАЯАГДМАЛ” эрхийг хангаж чадахгүй байна Х.Нямбаатар сайд аа

Хүний бие засах эрх гэдэг заяагдмал эрх. Гэвч өнгөрсөн долоо хоногт шүүхийн байрны ариун цэврийн өрөөний асуудлыг хөндсөн өмгөөлөгч Н.Баасанжав гэх эмэгтэйг ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар “Чи юу яриад байгаа юм. Бодлого ярих ёстой байтал жорлон ярилаа” гэж зандарсан. Иймд бид хүний эрхийн мэдрэмжгүй сайдыг энэ удаа орхиод, төр хүний заяагдмал эрхийг хэр хангаж байгааг шүүхийн байрны жишээн дээрээс сурвалжиллаа.

-ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД ӨМХИЙ ХАНХАЛСАН 00-ИЙН ӨРӨӨНИЙ ХАЖУУД АЖЛАА ХИЙЖ БАЙНА-

Бидний эхний очсон газар бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байв. Шүүхийн хаалгаар ороод 10 хүрэхгүй алхмын зайд ариун цэврийн өрөө харагдав. Нэг давхарт байдаг тул ихэвчлэн иргэд үйлчлүүлдэг аж. Гэвч эрэгтэй, эмэгтэй хамтдаа, агааржуулагчгүй, стандарт бус суултууртай, маш жижигхэн ариун цэврийн өрөө биднийг угтсан юм. Тус шүүхээр өдөрт хэргийн оролцогч, тэдгээрийн ар гэр мөн шүүх байгууллагын ажилчид гээд 500-600 гаруй хүн үйлчлүүлдэг. Харамсалтай нь 500-600 хүн үйлчлүүлдэг газрын ариун цэврийн өрөөнд стандартад нийцсэн нэг ч зүйл байсангүй. Хэдий үйлчлэгчид цаг тутамд цэвэрлэгээ хийдэг ч олон хүн орж, гардаг учраас цэвэрхэн байх нөхцөл байдаггүйг хэлж байлаа.

Үргэлжлүүлэн бид шүүхийн саатуулах байрны ариун цэврийн өрөөнд орж үзсэн юм. Гэвч “аймшигтай” хэлж болохуйц дүр зураг угтав. Тус байранд хорих 461 дүгээр ангиас шүүх хуралдаанд оролцохоор ирсэн болон шүүх хуралдаанаар ял авсан хүмүүсийг түр саатуулдаг.

А,В гэсэн хоёр “камер”-тай саатуулах байрны дунд нэг л ариун цэврийн өрөө байх аж. Биднийг хаалгаар оруут л 00-ийн эхүүн үнэр ханхалж байсан бөгөөд өмнөх шөнө нь 00 бөглөрч, албан хаагчдыг ирэхэд шалаар нэг ус болсон байжээ. Нэг хүн арайхийн багтах давчуу зайтай ариун цэврийн өрөөнд нь ариун цэвэр сахихад тун хэцүү харагдаж байв. Таггүй төмөр лаазыг хогийн савны оронд тавьсан байх бөгөөд, суултуурын почки нь эвдэрчээ. Хамгийн аймшигтай нь 00-оос гараад арав хүрэхгүй алхмын зайд цагдаагийн албан хаагчид ажлаа хийж байв. Агааржуулагч, байтугай цонх ч үгүй энэ өрөөнд албан хаагчид 00-ийн үнэрийг арц хүжээр аргалан ажилладаг талаараа бидэнд хэлсэн юм.

Асуудал үүгээр дууссангүй. Захиргааны ажилчид агааржуулалтгүй умгар, жижиг өрөөнд бичиг цаастайгаа багтаж ядан байдаг. Тэр ч байтугай зуны улиралд бүгчимдэж, ухаан алдаж унах нь энгийн үзэгдэл болсон гэнэ. Түүнчлэн өвлийн улиралд ачаалал ихтэй үед зарим иргэнийг гадаа зогсоохоос өөр аргагүй болдог аж.

-ШҮҮХ ХУРЛЫН ТАНХИМ, 00-ИЙН ӨРӨӨТЭЙГӨӨ ЗАЛГАА ШАХАМ ОРЧИНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА-

Бидний дараагийн зогсоол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэрэг хянан шийдвэрлэх шүүхүүдээс хамгийн ачаалалтайд тооцогддог Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх.  Кино үйлдвэрийн ард байрлах хоёр давхар байрыг тус шүүхийнхэн түрээсэлдэг. Биднийг очиход нэг давхрын давчуу коридорт хөл хөдөлгөөн буцалж байлаа. Иргэд үйлчлүүлдэг ариун цэврийн өрөөг сурагласаар очвол мөн л урам хугармаар дүр зураг угтав. Эрэгтэй, эмэгтэй гэж тусгаарласан зүйл байхгүй. Суултуурын "покчи" нь эвдэрч, муудсан, энд өмнөх шүүхийн адил стандарт нийцсэн зүйл гэж нэг ч байсангүй. Шүүх хүнийг алагчлалгүй үзэх ёстой. Гэвч шүүхийн ариун цэврийн өрөөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломж нөхцөл алга.

Ариун цэврийн өрөөнөөс гараад гурав хүрэхгүй алхмын зайд шүүх хуралдааны хоёр ч танхим байв. Шүүх хуралдаан болж байхад ариун цэврийн өрөө орох гэсэн хүмүүсийн хөл тасардаггүй, дуу чимээ ихтэй болдог. Түүгээр ч зогсохгүй хаалга онгойлгох бүрт “00” үнэртдэг гэдгийг ажилчид нь бидэнд хэлсэн юм. Энэ талаар тус шүүхийн Захиргааны ажилтан “Манай байгууллагаар өдөр тутамд 150-200 гаруй хүн үйлчлүүлдэг. Захиргааны, үйлчилгээний нийлсэн 56 ажилчинтай. Хоёр үйлчлэгч ариун цэврийн өрөөнүүдийг хариуцан хоёр цаг тутамд цэвэрлэгээ, ариутгал хийдэг. Гэвч өдөрт 200 гаруй хүн үйлчлүүлдэг учраас ариун цэврийн өрөөний асуудал асар хүнд байна. Ядаж эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө нь тусдаа байвал энэ асуудал арай багасах юм болов уу” гэв.  

Хажуу талын Монгол кино үйлдвэрийн байранд шүүхийн Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байранд ажиллахад маш хүндрэлтэй, хаалга онцгойлмогц л 00-ийн үнэр ханхалдаг талаар ажилчид нь мөн бидэнд хэлсэн юм.

Үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн өрөө эрэгтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх, тэр ч байтугай хүүхэд хуурайлах хэсэг тусдаа байдаг. Гэвч манай шүүхийн байгууллагуудын ариун цэврийн өрөө наад захын үйлчилгээний байгууллагын “энд” хүрэхгүй байна. Уг асуудалд шүүх байгууллагын буруу байхгүй. Харин төр иргэдийнхээ бие засах буюу заяагдмал эрхэнд хэрхэн хандаж байгаагийн тод жишээ юм. Хууль зүйн сайдын хувьд ариун цэврийн өрөө “жижиг” асуудал байж болно. Гэвч тэр жижигхэн асуудлаас л хүний эрх эхэлдэг юм шүү, Х.Нямбаатар сайд аа.