БАЙР СУУРЬ: “Э.Оюунболдын хүсэл мөрөөдлийг үгүй хийж, албан хүчээр Монгол бөхөөс холдууллаа”

БАЙР СУУРЬ: “Э.Оюунболдын хүсэл мөрөөдлийг үгүй хийж, албан хүчээр Монгол бөхөөс холдууллаа”

Тэр хэдхэн жилийн өмнө нь нар шиг мандаж, олны хайр хүндэтгэлийг хүлээж явсан. Гэтэл өдгөө нэр төр, алдар хүнд нь шавартай холилдож, өмөөрч, өмөлзөх хүн ховор болтлоо газарт унаад буй нэгэн бол Улсын аварга асан Э.Оюунболд. 

Түүнээс допинг илэрсэн гэх учир аварга цолыг нь хурааж, давтан хэрэглэсэн гэх шалтгаанаар Монгол Бахийн холбооноос найман жил барилдах эрхийг нь хасаад буй. Харин энэ нь алдаж оносон залуу хүнд ахдам "ял шийтгэл" гэдэгтэй санал нийлэх хүн олон байна. Монгол бөхийн барилдаан бол үндэсний спорт. Энэ ч утгаараа ард түмэн бөхчүүдээ хайрлаж хүндлэж ирсэн. Гэтэл ард түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж чадалгүй итгэлийг нь алдсан түүний буруу. Тэглээ гээд алдсан нэгнийгээ амьдрах боломжгүй болтол нь "яллах" нь хэр зохистой вэ. 

Монгол Улсын Үндсэн хуульд хүн сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхтэй хэмээн заасан. Гэтэл бөх хүний хөдөлмөрлөх эрхийг нь ийнхүү найман жилээр хасаж орхив. Нэг үгээр хэлбэл, Монголын Үндэсний бөхийн холбоо Э.Оюунболдын бөх байх бүх боломжийг нь хясаж орхив. Найман жил бөхийн спортоос хол байсан нэгэн дахин энэ салбарт хөл тавиад амжилт гаргах уу гэдэг мөн л эргэлзээтэй асуудал. 

-Э.ОЮУНБОЛДЫН ААВ Д.ЭНХТӨГС: МИНИЙ ХҮҮГ ХЭЛМЭГДҮҮЛЖ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ НЬ БАЙХГҮЙ БОЛГОХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА-

Үүнийг ч түүний аав Д.Энхтөгс хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тэрбээр “Домогт Д.Хадбаатар аваргыг хэлмэгдүүлж, 10 гаруй жил шоронд хатаасан гэдэг юм билээ. Миний хүүг ч ялгаагүй хэлмэгдүүлж, хүсэл мөрөөдлийг нь байхгүй болгох ажиллагаа явагдаж байна. Найман жилийн дараа тэр хүн барилдах боломжтой байх уу. Үнэхээр арай ч дээ. Албан хүчээр миний хүүг Монгол бөхөөс холдуулж байна. Допинг хэрэглэсэн бөхчүүдтэйгээ тэмцэх гэж байгаа бол нэр дурдагдсан өнөөх 38 бөхтэйгөө адилхан тэмцэх хэрэгтэй. Тэд цол ахиад, хэрэг нь хэрэгсэхгүй болж, миний хүү ганцаараа туг тахигдаж байдаг ямар учиртай юм бэ. 

Нэг үгээр бол миний хүүг бохир улстөрчдийн тоглоом болгож орхилоо. Залуу хүний ирээдүйг баллаж байна шүү дээ. Допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Н.Батсуурь барилдах эрхээ 11 сараар хасуулсан болж, даян аварга цол хүртэж байна гэдэг ялгаварлан гадуурхалт. Увсынхан наадмын түрүү авч, допинг хэрэглэсэн ч цол ахиж байх ёстой юм уу. Хэнтийгээс сайн бөх төрж, ард олноо баясгаж болохоо байсан хэрэг үү. Хэнтийгийн бөхчүүдийг дарж, боодог жалга довны үзэл Монгол бөхөөс хэзээ салах вэ. Энэ салж байж залуу бөхчүүдийн ирээдүй сайхан болно. Тэгээгүй цагт миний хүү шиг олон залуу хэлмэгдүүлж, амьдралаараа тоглуулах байх даа” хэмээжээ. Үнэхээр түүний хэлж байгаачлан Э.Оюунболдыг хэлмэгдүүлж байгаа бол яах вэ.

-Э.ОЮУНБОЛДЫН БАГШ Б.АДЪЯАХҮҮ: ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХАЖУУДАА БАЙЛГАЖ ЧАДААГҮЙДЭЭ УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА-

Улсын арслан Э.Оюунболдын багш, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Б.Адъяахүү ч түүний сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйжээ.

Тэрбээр “Эр 2 эндэж Эрэг нэг биш удаа нурлаа...Ямартай ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ Уучлалт гуйж байна...2016 оноос цөхөр ч эхэлсэн ба олон хүн одоо орхио, өөр багштай болсон хүн буянаараа болог гэсэн ятгалтанд орсон байх. За өөрт бодогдож буй зүйлээ хэлье. Сэргээшийн шинжилгээнд давтан бүдэрсэн хайран сайхан шавь Э.Оюунболдын талаар байр сууриа илэрхийл, өмөөр, үгээ хэл гээд олон хүн хандаж байна.

Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээл багшаасаа жаахан дөлж эхэлсэндээ. Дараа жил Аварга дээд сургуулийг 2014 онд төгсгөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Эрхэмбаяр аваргатай /төр хурхын/ амралтанд бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн ба тэр жил доогуур унасан юм даг... 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн ба 2015 оны 4 сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй ба 7 хоногийн дараа Баянмонгол орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид 2- н нэг нь зугтаж нөгөө араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм даг. Яахав чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны 6 сард нэг юм аваад гарсан...Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар 7 сарын 2 нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядар ч, харшиж наадамтай золгосон бөгөөд Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн билээ...Нуугаад яахав баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007 оноос 2015 он хүртэл Аварга сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ.Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.

За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л бөхийн өргөөнд авчирсан юм даг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч гээд олон жил араас нь гуйж, гувшиж явсаан. Юу үнэн гэвэл энэ л үнэн... Өөрөө ч залхсан байх надаас: Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Ташрамд хэлэхэд Залуу бөх Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсандаа ...тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд гээд л ...юун ДОПИНГ .Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон ба 2019 оны наадмаар бараа бараандаа 1 сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гар ч билээ. Миний бие 2018 оноос Аварга сургуулиас гадна Даян дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Гончигдамба гарьд, Оюунболд арслан 2 г олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юм даг . Гэвч санаснаар арай болоогүй ба Гончиг гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа 1 сар орчим би Завхан аймаг, залуу Аварга Хэнтий зүгрүү амрахаар явцгаасан юмдаг...8 сарын 10 орчимд сэргээшийн хариу ирж тэнгэр нэргих шиг цочирдож билээ..Хүйн 7 худагт болсон барилдаан дээр уулзаад ахиж 2 жил 4 сарын хугацаанд 3 удаа тааралдсан байна бид 2: Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай миний том охинтой жацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” хэмээсэн байна. Ямартай ч олны дунд гялалзаж явсан Э.Оюунболд арслан зүлэг ногоон дэвжээнээ зодоглохгүй найман жил болох нь.