"ДУРСГАЛТ БАРИЛГЫН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ИРЭЭДҮЙ” хэлэлцүүлэг болж байна

"ДУРСГАЛТ БАРИЛГЫН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ИРЭЭДҮЙ” хэлэлцүүлэг болж байна

ДУРСГАЛТ БАРИЛГЫН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ИРЭЭДҮЙ” хэлэлцүүлэг болж байна.

Тус хэлэлцүүлгийг Соёлын Яам, Соёлын өвийн үндэсний төв, Чойжин Ламын Сүм Музей, Чингис хаан музей  хамтран "Чингис хаан" хаад, язгууртны музейн хурлын танхимд зохион байгуулж байна.

Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир:

-Энэ хэлэлцүүлгээр эхний ээлжид ямар асуудал тулгарч байгаа талаар ярилцаж байна. Тулгарч буй асуудлуудаа тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Дурсгалт уран барилга, соёлын өвийн зүйлсийг сэргээн засварлах тухай асуудал чухал гэдгийг бид бүгдээрээ ойлгож байгаа. Дурсгалт уран барилгын ихэнх нь хаягдсан. Эхний ээлжинд нөхцөл байдлаа тодорхойлоод олон нийтэд хүргэх хэрэгтэй. Олон нийтийн дэмжлэг хэрэгтэй.

Хууль эрх зүйн асуудал сүүлийн хэдэн жил сайжирч байгаа. Гэхдээ мэргэжилтнүүдийн хамгийн их харамсаж явдаг зүйл нь зарим түүхийн дурсгалт уран барилгыг хувьчилсан явдал. Тэдгээр хувьчилсан барилгуудыг улс буцааж авахын тулд худалдаж авах хэрэг гарна. Мөн төрийн өмчид байгаа музейг хэрхэн сэргээх.

Тухайн дурсгалт барилгыг сэргээх нөөц боломж нь манай улсад бий юу зэрэг олон асуудлын талаар хэлэлцэнэ. Улмаар гарц гаргалгааны талаар ярина. Хамгийн сайн нь асуудлын талаар ярилцаж байна. Огт ярилцахгүй бол маш хэцүү.

Чойжин ламын сүм музейн захирал, докторант Д.Отгонсүрэн :

-Чойжин ламын сүм музейд 1960-аад оноос өдгөө хүртэл бүтэн сэргээн засварлалт хийгдээгүй ирсэн. Харин 2022 онд бүтнээр нь сэргээн засварлана. Гэхдээ хамгийн гол нь төсөв хөрөнгө нь шийдэгдсэн ч гүйцэтгэгч компанийн асуудал тулгарч байна. Сэргээн засварлалтын хүний нөөцийг бэлтгэх, чадавхийг дээшлүүлэхэд улсаас бодлогын түвшинд арга хэмжээ авахгүй бол төсөв мөнгө нь байгаад шийдэхэд хэцүү асуудал болоод байна.

Нөгөө талаас гадын мэргэжилтнүүд ирж ажиллах болсонд баяртай байгаа. 1960-аад онд БНХАУ-аас мэргэжилтнүүд ирж ажиллаж байсан түүх баримт бий. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Барилгын ажил хийгдэх хугацаа богино. Судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа. Хавраас сэргийн засварлалтын ажил эхэлнэ.

Музей нь түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага боловч сэргээн засварлалтын ажил гүйцэтгэхийг хуулиар хориглодог. Учир нь сэргээн засварлалтын ажлыг “Түүх, соёлын өвийг сэргээн засварлах тусгай зөвшөөрөл” бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх эрх зүйн зохицуулалттай.

Тус хэлэлцүүлэгт Соёлын яам, Барилга, Хот байгуулалтын яамны холбогдох төлөөлөл, дурсгалт барилгатай музей болон сүм хийдийн төлөөлөл, Соёлын өвийн үндэсний төвийн захирал болон Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга, Монгол Улсын зөвлөх архитектор, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, Японы Соёлын өвийн хамтын ажиллагааны консорциумын гишүүн,  Соёлын өвийн сэргээн засварлагч, консерватор, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн төлөөлөл болон тус чиглэлийн эрдэмтэн судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, дараах агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцүүлгээр:

  • Дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалтын зарим асуудал
  • Соёлын өвийн сэргээн засварлалтын тухай тулгуур ойлголтыг дахин авч үзэх нь
  • Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгын зарим материалд хийсэн судалгааны үр дүн
  • Сэргээн засварлах-архитектор мэргэжлийн ирээдүй, үнэ цэнэ
  • Орон нутгийн дурсгалт барилгын сэргээн засварлалтад тулгамдаж буй асуудал
  • Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал
  • Хваннён сүмийн сэргээн засварлалт-сэргээн босголтын төсөл болон Хваннён сүмийн дунд хаалганы дижитал сэргээн засварлалтын үйл явц
  • Солонгосын барилга архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдлын судалгааны өнөөгийн байдал ба ирээдүйн зорилт 
  • Солонгос улс дахь сэргээн засварлалтын үйл ажиллагааны дэлгэрэлтийн үйл явц ба сүүлийн үеийн чиг хандлага” гэсэн сэдвүүдээр өрнөж байна.