Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн зарим хэсэг зудын эрсдэлтэй гарчээ

Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн зарим хэсэг зудын эрсдэлтэй гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2021-2022 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

Энэ жил зуншлага ихэнх нутгаар хэвийн сайн байсан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан байна.

11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см, бусад нутагт 0-5 см цастай байна.