Гашуунсухайт боомтын зэсийн экспортыг зогсоожээ

Гашуунсухайт боомтын зэсийн экспортыг зогсоожээ

Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын гол боомт Гашуунсухайтаар өнгөрсөн мягмар гарагт 108 тээврийн хэрэгсэл нэвтрүүлжээ. Үүний 100 нь нүүрс ачсан чингэлэг бол найм нь импортын бүтээгдэхүүн тээх хоосон тээврийн хэрэгсэл байв. Харин зэс болон алт экспортолсон талаарх мэдээ алга. Учир нь зэс тээвэрлэж байсан 32 автомашин бүхий жолоочийн дөрвөөс нь энэ сарын 5-нд коронавирус илэрчээ. Тиймээс БНХАУ-ын тал өнгөрсөн даваа гаргаас зэс хүлээн авахаа долоо хоногийн хугацаагаар зогсоохоо мэдэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Харин чингэлэг тээвэр хэвийн үргэлжилж байгаа гэлээ.

Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 8.8 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа экспортолсон бол 6.1 тэрбум “ногоон”-ы бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс экпортын орлого хоёр, импортод зарцуулсан хөрөнгө 1.3 тэрбумаар өссөн дүн болсныг дээрх газрын тайланд бичжээ. Түүнчлэн 1-11 дүгээр сард худалдааны эргэлт 15 тэрбум ам.доллароос давсан нь 2020 оны мөн үеийнхээс 27.9 хувиар нэмэгдэн, гадаад худалдааны баланс эерэг гарсан үзүүлэлт боллоо.