Д.Дэлгэрсайхан: Гурван жилийн хугацаанд регистрийн дугаарыг халж, цахим гадаад пасторттой болгоно

Д.Дэлгэрсайхан: Гурван жилийн хугацаанд регистрийн дугаарыг халж, цахим гадаад пасторттой болгоно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас "E-Mongolia" системийн үйл ажиллагаа, цахим засаглалын суурь хуулиуд батлагдсан асуудлаар мэдээллээ хийлээ.

Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Улсын бүртгэлийн хуульд заасан 32 төрлийн төрийн үйлчилгээ байдаг. Үүнийг дотор нь задалбал 150 орчим үйлчилгээ, лавлагаа болдог. Үүнээс иргэний харьяатаас гарсан, сэргээсэн, харьяат болсон, гэрлэлт зэрэг дөрвөн бүртгэлээс бусад бүх үйлчилгээг цахим болгох ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” систем дээр УБЕГ-ын 59 төрлийн лавлагаа, үйлчилгээ орсон. Үүний 22 нь лавлагаа, 37 нь хоёроос дээш шатлалт үйлчилгээ байна" гэлээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн "Цахим гарын үсгийн тухай хуультай холбоотойгоор тоон гарын үсэг олгох ажлыг 2022 оны тавдугаар сараас бүх нэгжээрээ дамжуулж хийнэ. Тоон гарын үсэг нь цахим орчинд иргэнийг таних хэрэгсэл болно. Улсын бүртгэлийн байгууллага 16-аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ тоон гарын үсэг олгоно. Тоон гарын үсэг олгохтой холбоотойгоор 5.8 тэрбум төгрөг төсөвт суусан

“E-Mongolia”-д орсон УБЕГ-ын үйлчилгээнүүд гурван төрөлд хуваагдаж байгаа. Нэгт, иргэн компьютер болон гар утаснаасаа шууд авах боломжтой бүрэн цахим үйлчилгээ. Хоёрт, хагас хүргэлттэй буюу “E-Mongolia” системээр дамжуулан иргэд захиалж, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг гар дээрээ авах үйлчилгээ. Гуравт, хоёр талдаа хүргэлттэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд байна.

Хуулийн этгээд шинээр байгуулах үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн гэрчилгээг үнэт цаас дээр хэвлэхгүйгээр цахимаар олгож эхэлсэн. Иргэд хуулийн этгээдийн нэрээ цахимаар шүүж, төлбөрөө төлөхөд улсын байцаагч онлайнаар бүртгэл хийгээд, гэрчилгээг нь тухайн иргэнд илгээдэг болсон. Мөн худалдах, худалдан авах тэргүүтэй УБЕГ-ын эд хөрөнгийн таван үйлчилгээ “E-Mongolia”-д орсон.

Мөн регистрийн дугаараас гадна ирэх оноос 12 оронтой, давхардахгүй бүртгэлийн дугаараар иргэнийг таних ажил хийгдэж байна. Учир нь, регистрийн дугаар цаг үеийн шаардлага, хөгжлийн шатанд шаардлага хангахгүй болж ирсэн.

Давхардалгүй танилт, баталгаажуулалт болон иргэний мэдээллийн аюулгүй байдлын талаасаа регистрийн дугаар шаардлага бүрэн хангахаа болиод байна. Тиймээс цаашид 12 оронтой бүртгэлийн дугаарыг ашиглах шилжилтийн процесс явагдана гэсэн үг. Гэхдээ регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгахгүй. Мэдээллийн сан дээр регистрийн дугаар 12 оронтой шинэ бүртгэлийн дугаарын хамт явна. Ашиглалтын хувьд бүртгэлийн дугаар нь ашиглагдаж явах юм. Үндсэндээ хуульд өөрчлөлт оруулах замаар ирэх гурван жилийн дотор регистрийн дугаарыг хална. Ирэх онд гол том ажлууд нь хийгдэнэ. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс шинээр төрсөн хүүхдэд шууд 12 оронтой бүртгэлийн дугаар олгож эхэлсэн.

Түүнчлэн, ирэх оноос иргэдэд цахим гадаад паспорт олгож эхэлнэ. Цахим гадаад паспорт дээр тоон гарын үсэг шууд хэрэглэгдэнэ. Эдгээр ажилд төсвөөс 5.8 тэрбум төгрөг тусгасан. Уг санхүүжилтээр нийт 10 сая лиценз олгох бөгөөд шаардлагатай програм хангамж, техник хангамж болон лицензийн үнэ гэх бүх зардал нь багтсан" гэлээ.